“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадам Улаанбаатарт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын YII наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулна.
Тэмцээний зохион байгуулалт, арга хэмжээний зардалд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 60 хувийг улс, орон нутгийн төсвөөс, үлдсэн 40 хувийг ивээн тэтгэгчид болон олон улсын байгууллагаас бүрдүүлнэ гэж тооцжээ.
Энэ наадамд 45-50 орны 3000 гаруй тамирчин, 500-гаад дасгалжуулагч, 90 шүүгч, албаны 120-иод төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Олон улсын нэр хүнд бүхий наадмын бэлтгэлийг хангах, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт үүрэг болголоо.
150 орчим хүүхэд “Байгууллагын цэцэрлэг”-т хамрагдана
Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Тагнуулын ерөнхий газрын эзэмшиж байгаа хоёр давхар, 546 ам.метр талбай бүхий барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж ажиллуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Ингэснээр тагнуулын байгууллагын албан хаагчдын 150 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэх юм. Тус байгууллагын нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь залуу гэр бүл бөгөөд 2-5 настай 350 орчим хүүхэд байдгаас 40 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна.
Засгийн газар хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавин “Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дүнд одоогоор яам, агентлагийн албан хаагчдын 230 гаруй хүүхэд цэцэрлэгт явж байна.