Газар дундын тэнгисээс 550 цагаачдыг аварч 5 цогцос олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРОМ. /Reuters/. Аврагчид 5 удаагийн аврах ажиллагаа явуулсны үр дүнд 550 орчим цагаачдыг газар дундын тэнгист нэгэн завинаас аврах завь руу татан гаргасан бөгөөд даваа гарагт болсон уг ажиллагааны үеэр таван цогцсыг гаргаж авсан гэж Италийн Эргийн хамгаалалтын албанаас мэдэгджээ.
Ливийн эрэг орчмоор “Aquarius” хөлөг онгоцоор аврах ажиллагаанд тусалдаг “SOS Mediterranee” тусламжийн группийн мэдээлснээр нас барсан хүмүүс жижиг хийлдэг завинд байсан бөгөөд нэг хүн усанд живжээ.
“Аврах ажиллагааны дараа хийлдэг завинаас таван цогцос олсон мөн өөр нэг хүн усанд живсэн байсан” гэж тус группийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Аврах ажиллагаанд Италийн эргийн хамгаалалтын албаны хөлөг онгоц, тэнгисийн цэргийн хөлөг онгоц болон Данийн химийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг хөлөг онгоц оролцсон байна.
2016 он гарснаас хойш 11 дүгээр сарын 14-ний байдлаар Газар дундын тэнгист осолдож нас барагсдын тоо 4271-т хүрээд байгаа бөгөөд 2015 онд 3777 байсан гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдэв.
Х.Сарнай