СҮХБААТАР: А.Оюун-Эрдэнэ логик паззлын дэлхийн аваргаас цом хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 29
/МОНЦАМЭ/. Логик паззлын дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнд Сүхбаатар аймгаас оролцсон
МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан
А.Оюун-Эрдэнэ гуравдугаар
байр эзэлж, цомын эзэн боллоо.
Логикийн
паззл, тааварт бодлогуудын 32 дахь удаагийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнийг Унгар улсад зохион байгуулжээ. Гурван өдрийн турш 230 төрлийн логик паззл бодох тус тэмцээнд 36 орны 356 оролцогч оролцжээ. Монгол Улсаас ЕБС-ийн болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр баг оролцож, ганцаарчилсан төрлийн U18 ангилалд А.Оюун-Эрдэнэ дээрх
шагналыг хүртжээ. Тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-2024 U18 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Тэмцээний нэгдүгээр байрыг Хятад, хоёрдугаар байрыг Турк улсын тамирчин эзэлжээ.
Ташрамд Сүхбаатар аймгийн Оюун ухааны IQ төвийн эрхлэгч Ж.Түвшинжаргал нь Монгол Улсын багийн дасгалжуулагчаар сүүлийн хоёр жил ажиллаж, ийнхүү тэмцээнд баг хамт олноо тогтмол амжилттай удирдан оролцож буй юм.