ЗАВХАН: Ноос махны ашиг шим жигд тэнцүү сартуул үүлдрийн хонийг үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-26 15:45:58

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Завханы Эрдэнэхайрхан, Алдархаан сумдад Сартуул үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.


Завхан аймаг малын чанар сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих улсын бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж байна. Үүний нэг нь нутгийн шилмэл омог, хэвшил болон цэвэр эрлийз малын тоо нэмэгдэж байна.


Тухайлбал цэвэр үүлдрийн үхэр 2.5 мянга, шилдэг үүлдрийн адуу 10.7 мянга, тэс хэвшлийн адуу 2.1 мянга, шилдэг үүлдрийн ямаа 198.9 мянга, цэвэр үүлдрийн хонь 315.3 мянгыг өсгөн үржүүлжээ.


Эдгээрээс онцолбол, Сартуул үүлдрийн хонины онцлог нь хангай, говь хосолсон уулархаг хээр зонхилсон бүс нутгийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон. Ноос махны ашиг шим жигд тэнцүүхэн хосолсон, бүдүүвтэр ноостойгоороо сартуул үүлдрийн хонь бусад хониноос ялгарах онцлогтой.


Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим сумдын хонин сүргийн мах – ноосон ашиг шимийн гарц, чанарыг сайжруулахад “Сартуул үүлдэр”-ийн хонийг ашиглаж иржээ.


Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Алдархаан суманд ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон хангай говь хосолсон экологийн эрс тэс нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон сартуул үүлдрийн хонь үржиж байна. Мах-ноосны ашиг сайтай хонин сүрэгт түшиглэн академич Г.Чадраабалын удирдлагаар Сартуул хонины ашиг шим, угсаа чанарыг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг 1972 оноос эхлэн явуулжээ.


Тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн өөхөн сүүлт “Сартуул үүлдэр”-ийн хонийг бий болгосон юм. Энэ хонины ашиг шимийн үндсэн чиглэл нь мах-өөх-бүдүүвтэр ноос юм. Сартуул үүлдрийн хонь нь голдуу халзан, хар бор нүдэн, хар бор хүрэн толгойтой, их бие нь цагаан зүстэй хонин сүргийн дотор зонхилдог гэж аймгийн Хөдөө аж ахуйн газраас мэдээлэв. 

Сартуул үүлдрийн хонь, Эрдэнэхайрхан сум цөм сүрэг

相关新闻