БАЯНХОНГОР: Э.Самбуу дархны хийц гуулин цутгамал бурхад

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-26 10:54:35

Баянхонгор, 2025 онй есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол дархны уран сайхны өвөрмөц онцлог шинж, эмэгтэй хүний бие галбир, намба төрх, гоёл чимэглэлийг энгийн төв хийцтэй харуулсан Цагаан дарь эх, Ногоон дарь эх бурхан аймгийн музейд хадгалагдаж байна.

Энэхүү бурхад Ламын гэгээний уран дархны зэрэгт хүрсэн Хуучин жинст сумын иргэн Эдэнжавын Самбуу /1829-1914 он/ дархны бүтээл бөгөөд Ламын гэгээний /Баянзүрхийн хонхор/ хийдэд залж байжээ.

Бурхад нь 120 см өндөртэй, 150 кг жинтэй гуулиар цутгаж хийсэн. 1969 онд Орон нутаг судлах музейн эрхлэгч байсан Л.Юндэнбат цуглуулгаар Баянзүрхийн хонхороос олж ирж сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй.

Сонирхуулахад, Эдэнжавын Самбуу хэмээх алдартай дархны онцгой билиг авьяасыг үнэлж Ламын гэгээн дэргэдэх дархнаараа ажиллуулж байсан байна. Судлаачид Э.Самбууг дархан, барималч, зохион бүтээгч, сэлбэн засагч тал талын их авьяасаараа XIX зууны баримал, дархны урлагийн том төлөөлөгч байсан гэж дүгнэдэг. Эл дархны сод бүтээл болох Ламын гэгээний хийдийн найман дацангийн орой дахь зэс хөөмлөн алтан шармал суварга, бодь гөрөөс шашин урлагийн давтагдашгүй бүтээл байсан гэж Ламын гэгээний үе үеийн дурсамжид байдаг.

Самбуу дархан хүний ялангуяа дээдсийн гоц чамин хийцтэй эд өлгий, гоёл чимэглэлийг урлах тал дээр онцгой нэгэн байжээ. Жишээ нь, Ламын гэгээний гутгаар дүр Пэрэнлэй тогмидод Нангиад газраас их бэлэг ирсний хариу бэлэг болгон гэгээнтний айлдвараар урласан хэт хутга юм. Ган татах маягаар хийсэн, хэтийг нь цахихад дээшээ алт мөнгөн луу цацардаг, доошоо алт мөнгөн азарга цахилдаг байсан хэмээн эх сурвалжид тэмдэглэсэн нь бий.

Эдүгээ Э.Самбуу дархны бүтээлүүдээс аймгийн музейд алтан шармал, дэлбээгээ нээж, хумьдаг хос алтан шармал, голд нь 800 грамм орчим жингээр дарахад цэцгийн дэлбээ хумигддаг, хумьсан дэлбээ нь нэгэн оньс мултлахад дэлгэгддэг бадамлянхуа цэцэг зэрэг нь хадгалагдаж байна. Энэ нь механик хөдөлгөөн, оньсон техник бүтээх монгол дархны анхны оролдлого байжээ.

相关新闻