ХӨВСГӨЛ: Хөл хориог цуцалж, өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-13 19:00:30

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдаан болж Мөрөн, Цагаан-Уул сумын гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хөл хориог цуцаллаа.


Ийнхүү Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр боллоо.


Тус аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдол 3 бүртгэгдэж өвчлөл нэмэгдээгүй, тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.


Тарваган тахлын өвчлөлийн улмаас нийт 113 хүнийг тусгаарлаж эмчилгээ, хариу арга хэмжээ авч ажилласан бол өнөөдрийн байдлаар тусгаарлалтад 35 иргэнийг ажиглаж байна.


Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажилласан 21 постоос 19 постыг буулгалаа.


Үлдсэн 3 пост нь тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ойн дагалт баялгийг зохистой ашиглуулах, хууль бус ан агнуурыг таслан зогсоох, мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм.

相关新闻