А.Дюплантис: Токиод дахин очих гэж байгаадаа баяртай байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 11 /AFP/. Японы нийслэл Токио хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилийн өмнөх “сүйрлийг зөгнөсөн” Олимпоос илүү хөгжилтэй болно гэдэгт найдаж байгаагаа тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтын эзэн Арман “Мондо” Дюплантис өнөөдөр илэрхийлжээ.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдон 2021 онд болж байсан Токиогийн наадмын үеэр халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хатуу чанд нөхцөлд зохион байгуулж, ихэнх тэмцээнийг үзэхийг хориглож,
тамирчдыг шинжилгээнд хамруулж, тусгаарлаж байсан юм.
Тухайн үед А.Дюплантис алтан медаль хүртсэн боловч бусад тамирчдын нэгэн адил хоосон цэнгэлдэх хүрээлэнд амны хаалт зүүгээд медалиа зүүж байжээ. Харин энэ бямба гарагт эхлэх хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр ийм хязгаарлалт тогтоохгүй бөгөөд хөгжөөн дэмжигчид 70 мянга орчим хүний суудалтай Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх төлөвтэй байна.
А.Дюплантис энэхүү тэмцээний үеэр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг 14 дэх удаагаа ахиулахыг зорьж байгаа бөгөөд энэ удаа Токиогийн Олимпын үеийнхээс илүү сэтгэл өндөр байна гэжээ. “Токиогийн наадам хүн бүрийн хувьд хачирхалтай, бараг л сүйрлийг зөгнөсөн шинжтэй байсан. Олон талаараа тийм ч таатай бус, аймшигтай байсан. Харин энэ удаа хүмүүсийг нэгтгэдэг спортын жинхэнэ утга учрыг харуулсан тэмцээнд оролцох гэж байгаадаа би баяртай байна” хэмээн АНУ-д төрсөн 25 настай швед тамирчин хэллээ.
А.Дюплантис бол Токиод хурд хүч, авхаалж самбаагаа сорих гэж буй хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг бөгөөд дэлхийн аваргын гурав дахь алтан медалиа хүртэхийн төлөө өрсөлдөх юм. Өнгөрсөн сард тэрбээр Будапештэд дэлхийн дээд амжилтыг 6.29 м болгож ахиулсан билээ.