Дэлхийн чансааг тэргүүлэгч Я.Синнер дахин финалд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-06 15:38:18

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 6. /ТАСС/. Италийн теннисчин Янник Синнер Нью-Йорк хотноо болж буй АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний /US Open/ хагас шигшээ тоглолтод Канадын Феликс Оже-Альяссимыг хожсоноор аваргын төлөө тоглохоор шалгарлаа.


Тоглолт 6:1, 3:6, 6:3, 6:4 харьцаагаар дууссан бөгөөд Синнерийг финалд Испанийн Карлос Алькарас хүлээж байна.


Хатуу хучилттай талбайд болдог тус тэмцээнд Синнер хамгийн сүүлд 2023 онд Германы А.Зверевт дөрөвдүгээр тойрогт хожигдсон байсан ажээ. Тэрбээр уг тэмцээний 27 тоглолтод хожоод байгаа нь 1968 оноос хойших Нээлттэй эрин үеийн хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт юм. Харин Швейцарын теннисчин Рожер Федерер эл үзүүлэлтээр /40 тоглолт/ тэргүүлдэг.


Канадын тамирчныг хожсоноор Синнер Их дуулгын таван тэмцээнд дараалан финалд шалгарч байгаа бөгөөд аваргын төлөөх тоглолт ням гарагт болно. Синнер, Алькарас хоёрын хожсон нь Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ чансааг тэргүүлэх юм. 


Өдгөө 24 настай Я.Синнер дэлхийн чансааг тэргүүлж байгаа бөгөөд тэрбээр ганцаарчилсан төрөлд ATP холбооны 20 тэмцээнд түрүүлжээ. Үүнээс Их дуулгын тэмцээнүүдэд дөрвөн удаа аваргалсан байна.


Түүнтэй хагас шигшээд өрсөлдсөн Оже-Альяссим дэлхийн чансааны 27 дугаарт бичигдэж байгаа бөгөөд ATP-ийн тэмцээнүүдэд 7 удаа түрүүлжээ. Мөн Канадын шигшээгийн бүрэлдэхүүнд Дэвисийн цомыг хүртэж, Парисын Олимпод холимог хосын төрөлд хүрэл медалийн эзэн болсон байна.  


US Open бол Их дуулгын улирлын хамгийн сүүлчийн 4 дэх тэмцээн юм. Хатуу хучилттай талбайд болдог тус тэмцээн ням гарагт өндөрлөх бөгөөд шагналын сан нь теннисний спортод хамгийн өндөр буюу 90 сая доллар юм. Хэвлэлүүдэд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп финалын тоглолтыг үзэхээр төлөвлөжээ.

 

相关新闻