Дуудлага худалдааны орлогыг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, тоног төхөөрөмжид зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн Шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг “Вирео үсрэлт” ХХК нээлттэй дуудлага худалдаагаар 1.6 тэрбум төгрөгөөр худалдан авчээ.
Орлогоор нь сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжийг худалдан авахыг НЗДТГ-ын дарга Д.Амгалан тодотгов. Тэрбээр “Сандал, ширээ, тоног төхөөрөмжгүй учир ашиглалтад оруулж чадаагүй 17 сургууль, 20 цэцэрлэг бий. Эдгээр сургууль, цэцэрлэгт 15000 гаруй хүүхэд сурах боломжтой. Сандал, ширээ, тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэлд алдагдсан өмчийг эргүүлэн аваад олсон орлогоо зарцуулна. Цаашид ч алдагдаж, эзэнгүйдсэн барилгаа өмчдөө эргүүлэн авах ажлыг зохион байгуулна” гэлээ. Тус дүүргийн Шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг “Тэмүүжин групп” ХХК ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн орлого олдог ч үүнээсээ 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байжээ.
НЗДТГ-аас олон
жилийн турш алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах, ашиглалтыг нь сайжруулах,
дахин төлөвлөх, дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь сургууль,
цэцэрлэг барих, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг үе шаттай хийж
байна. Тухайлбал, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон
жил болсон НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн
харьяа “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах эмийн үйлдвэрийн 3150 ам.метр
газрыг чөлөөлөв. Тус газрыг “Эхлэл брэнд” ХХК-д дуудлага худалдаагаар 9.3 тэрбум
төгрөгөөр борлуулж, орлогоор нь санхүүжилтгүй байгаа сургууль, цэцэрлэгийг
барьж ашиглалтад оруулжээ.