Узбекистан улсад эмэгтэй бизнес эрхлэгчид нэмэгдэх болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-26 10:16:38

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Узбекистан Улсын шадар сайд, Гэр бүл, эмэгтэйчүүдийн улсын хорооны дарга Зулайхо Бахриддиновна Махкамоватай уулзлаа.


Уулзалтаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлын талаар хоёр улсын туршлагыг хуваалцав. Манай улсад 2024 оноос “Гэр бүлийн” яамыг байгуулж, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг цогцоор авч үзэн, хууль эрх зүйн орчин илүү сайжирч байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.


Узбекистан Улс ч эмэгтэйчүүдийг дэмжих, нийгэм дэх оролцоог нэмэхээр ажиллаж байгааг Узбекистан Улсын шадар сайд, Гэр бүл, эмэгтэйчүүдийн улсын хорооны дарга Зулайхо Бахриддиновна Махкамоваг тэмдэглэлээ.


Өнгөрсөн оны нэгдүгээр сард Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргасан Жендэрийн тэгш бус байдлын индексээр Монгол Улс 143 орноос 85-д жагссан билээ. Харин эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн амжилтаар дэлхийн 20 орны хамтаар нэгдүгээр байранд орсон бол эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны үзүүлэлтээр 43-т, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үзүүлэлтээр 133-т эрэмбэлэгдэж байна.


УИХ-д 2020-2024 онд сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо 13 буюу 17.4 хувийг эзэлж байсан бол 2024 оны УИХ-ын сонгуулиар парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж, УИХ-д 32 эмэгтэй гишүүн төлөөлөл болж байна.


Узбекистан Улсын Гэр бүл, эмэгтэйчүүдийн улсын хороог байгуулж, хороогоор дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээлд олгож мөн үнэ төлбөргүй сургалтад хамруулдаг байна.


Хоёр улс харилцан бие биеэсээ туршлага хуваалцах, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхэд хамтран ажиллах боломж байгааг талууд онцолсныг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэдээлжээ. 

相关新闻