Хүн дүрст роботуудын дэлхийн спортын наадам эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-15 08:55:52

БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 15 /Xinhua/. Хүн дүрст роботуудын дэлхийн анхны спортын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо пүрэв гарагт эхэлж, ийм төрлийн роботуудын ухаалаг шийдвэр гаргах, хамтран ажиллах зэрэгт гарсан дэвшилтэт ололт амжилтуудыг харуулж байна


Тус наадамд АНУ, Герман, Итали зэрэг 16 орны 280 баг баасан гаргаас ням гараг хүртэл Үндэсний тэшүүрийн зууван талбайд өрсөлдөнө. Оролцогчид гүйлт, уртын харайлт, чөлөөт дасгал, хөл бөмбөг зэрэг спортын уралдаан тэмцээнүүдийг багтаасан 26 төрөлд оролцохоос гадна янз бүрийн нөхцөл байдалд бараа материал зөөх, эм ангилах, цэвэрлэгээ хийх зэрэг ур чадварт суурилсан даалгавруудыг гүйцэтгэнэ.


Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн товчооны Ли Ечуан хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь хүн дүрст роботуудын хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, хэрэглээний чадварыг өндөр шалгуураар нэвтрүүлэхийн тулд хүн төрөлхтний өрсөлдөөнт спортын хэлбэрийг ашиглаж байгаагаараа онцлогтой гэв.


Бид хүн дүрст роботуудыг лабораториос үйлдвэр, эмнэлэг, гэр ахуй болон бусад нөхцөл байдалд бодит амьдрал дээр ашиглах боломжийг бодитойгоор ахиулна гэдэгт найдаж байна. Энэ бол роботуудыг бөөнөөр үйлдвэрлэхэд шаардлагатай чухал алхам юм гэж Бээжин хотын засаг захиргааны зөвлөхүүдийн албаны гишүүн Ли Жики ярьжээ.


Энэхүү спортын наадам 2025 оны наймдугаар сарын 8-нд Роботуудыг илүү ухаалаг болгох нь сэдвийн дор эхэлсэн Дэлхийн роботын бага хурлын дараа болж байна.



相关新闻