Нийслэлд усархаг аадар бороо орохыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгсний дагуу Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр өглөө хурал хийсэн талаар Засгийн газраас мэдээлэв.
Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр 08:00 цагт өгсөн мэдээллээр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв ажиглагджээ. Тиймээс нийслэлийн хэмжээнд бэлэн байдлыг хангахыг НОК-ын орлогч дарга, хурандаа Г.Галбадрахт үүрэг болгожээ.
Хоёр цаг тутамд мэдээлэл өгөх, бороо орсны дараа 30 минут тутамд үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэх, Туул гол, Дунд гол, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зэргээр анхаарч ажиллахыг сануулсан байна.
Хуралдаанд НЗАА, НЦУГ, Геодези, усны барилга байгууламжийн газар, УБЦТС, НОБГ-ын удирдлагууд болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар цахимаар оролцлоо.