Дарханы төмөрлөгийн үйлдвэр 36.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-01 16:52:58

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гангийн цогцолбор төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл өгөв.


Монгол Улсын Засгийн газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хайлуулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон албаныхан тус үйлдвэрийн үйл ажиллагаа, төслийн бэлтгэл ажлын явцтай танилцав.

 

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Энэ оны эхний хагас жилийн байдлаар 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамжийн хэлбэрээр 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс бодитоор 51.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, бизнес төлөвлөгөөнд тусгасан гол үзүүлэлтүүдийг бүрэн биелүүлсэн” хэмээн мэдээлэв.

 

Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үйлдвэрийн удирдлагад гангийн цогцолбор төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, газар зохион байгуулалт болон бусад холбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг өгч, Засгийн газраас дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.


Тус үйлдвэр Төмөртэй ордын баталгаажсан нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, олон улсын стандартад нийцсэн, өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой юм. Цаашид хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлж, 2028 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар зорьж буй аж.








相关新闻