УДБЭТ 63 дахь улирлын нээлтээ “Orchestra Night” тоглолтоор эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-30 16:00:54

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид 2025-2026 оны 63 дахь улирлынхаа нээлтийг сонгодог урлагийн үндэс суурь болсон симфони найрал хөгжмийн бүтээлээс бүрдсэн “Orchestra Night” тоглолтоор эхлүүлнэ.


Энэхүү тоглолт нь театрын уран бүтээлийн гол тулгуур болсон хөгжимчдийн оролцоог онцлон, симфони найрал хөгжмийн уран сайхны илэрхийлэл, хөгжим дэх утга зохиол, мэдрэмж, өрнөл, дотоод сэтгэлийн хүчийг тайзнаа бүрэн хүргэх зорилготой юм. Дуурь, балетын бүтээлийн ар талд үргэлж оршдог чухал “суурь давхарга” болох найрал хөгжмийг энэ удаа гол цөмд авч, цэвэр хөгжимд суурилсан үзүүлбэрээр шинэ улирлыг эхлүүлж байгаа нь тус театрын уран бүтээлийн нэгэн онцлог шийдэл болж байна.


Энэ талаар УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг ярихдаа, “Улирлын нээлтийн “Orchestra Night-III” тоглолтыг есдүгээр сарын 27-нд УДБЭТ-ын хөгжимчид дангаар Францын хөгжмийн бүтээлүүдийг эгшиглүүлж, есдүгээр сарын 28-нд Итали улсын уран бүтээлчид болох хийлч, төгөлдөр хуурч нар хамтран Монгол, Италийн хөгжмийн бүтээлээс тоглоно. Мөн дуурийн нээлтээ Монголын  түүхэн  дуурь Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн цомнол “Гүн гэрийн гүнж ” дууриар,  балетын нээлтээ аравдугаар сарын 10-12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар нээхээр төлөвлөөд байна. УДБЭТ нь 63 дахь улирлын эхний дөрвөн сарын тоглолтоо анх удаа наймдугаар сарын 1-нээс нээж, тус сардаа багтаан тоглолтын тасалбарыг  50 хувь хөнгөлөлттэй  үнээр авах боломж олгож байгаагаа дуулгахад таатай байна” гэв.


Театрын энэ улирлын тоглолтоор дуурь, балет, хөгжимт жүжиг, гоцлол тоглолт, хүүхдийн бүтээл зэрэг олон төрлийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэх юм. Мөн гадны нэр хүнд бүхий уран бүтээлчидтэй хамтран монголын үзэгчдэд зориулан тоглолт зохион байгуулах ажээ.

 

相关新闻