Сяньбийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны ажлыг хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-22 10:46:59

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Соёлын өвийг хамгаалах, хадгалах зорилтын хүрээнд манай улсын археологичид Сяньбийн үеийн (МЭ I–III зуун) бунхант булшны авран хамгаалах судалгааны ажлыг гүйцэтгэлээ.


Үүнд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны археологийн малтлагаас илэрсэн олдворуудын анхан шатны цэвэрлэгээ, сэргээн засварлалт, сав баглаа боодол зэрэг ажлыг энэ сарын 18-21-нд хийжээ.


Энэхүү судалгаа нь археологийн өндөр ач холбогдолтой бөгөөд эвдрэл гэмтэлд өртөөд байсан түүхэн дурсгалыг хамгаалах, бичиг соёл, урлаг, оршуулгын зан үйл, эд өлгийн зүйлийн талаарх үнэ цэнэтэй мэдээллийг шинээр илрүүлэх юм. Мөн булшнаас гарсан зарим эд өлгийн зүйл нь Сяньби угсаатны төв Азид ноёрхож байсан түүхэн байр суурийг бататгаж байна. Энэхүү ажил нь зөвхөн нэгэн түүхэн дурсгалыг хамгаалаад зогсохгүй, цаашдын шинжлэх ухааны судалгааны үндэс суурь, аялал жуулчлалын шинэ боломжуудыг бүрдүүлэх юм. 


Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга, ерөнхий технологич Д.Аззаяа, сэргээн засварлагч судлаач Ч.Жавхлан нар МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс явуулж буй Дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай судалгааны баг хамтран ажилласан байна.


Түүнчлэн олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажилд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, судалгааны ажилд МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн баг хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид олдворуудыг хадгалж хамгаалж, сэргээн засварлах ажилд шаардлагатай төсвийг тооцоолж, сэргээн засварлах төлөвлөгөөг боловсруулах аж.


相关新闻