Сибирийн Обь буланд аварга том цасан бөмбөлгүүд бий болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНСИБИРЬ. /CNN/. Байгалийн гоо үзэсгэлэнг илтгэн харуулах хэдэн мянган ширхэг цасан бөмбөлгүүд далайн эргийн дагуу бий болсон нь Сибирийн баруун хойд хэсэгт орших Обь булангийн оршин суугчдыг гайхшруулсан байна.
Далайн эргийн дагуух 18 км урт газар мөстсөн цасан бөмбөлгөөр хучигдсан байна. Энд теннисний бөмбөг шиг жижигхэнээс авахуулаад 1 м-ийн голчтой аварга том цасан бөмбөлгүүд үүсчээ.
Эдгээр бөмбөлгүүд нь байгалийн ховор үзэгдлийн үр дүнд бий болдог аж. Тодруулбал, мөсөн хэлбэртэй жижиг хэсгүүд усанд норж, салхинд хийсч өнхөрснөөр ийнхүү аварга том цасан бөмбөлгүүд бий болдог байна.
Арктикаас өмнөхөн орших Ямалын хойгийн Нида тосгоны оршин суугчдын хувьд ийм бөмбөлгүүдтэй жишиж болохуйц гайхалтай зүйлийг амьдралдаа хэзээ ч харж байгаагүй аж.
Арктик, Антарктидын судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Сергей Лисенков Оросын телевизээр энэ үзэгдлийг тайлбарлан ярьсан байна. Тэрбээр үүнийг тайлбарлахдаа “жижиг нойтон мөснүүд далайн эргийн хүчтэй салхи болон температур зэргийн нөлөөгөөр цасан бөмбөлгүүд болон хувирсан” гэжээ.
Х.Сарнай