2035 он гэхэд нэг хоногоос бүтэн нэг секунд хасагдах магадлалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-07-23 10:48:15

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /CNN/. Манай гараг дэлхий улам бүр хурдан эргэх болж, 7 дугаар сарын 10-ны өдөр энэ жилийн хувьд хамгийн богино өдөр болжээ. Тухайн өдөр нь ердийн 24 цагтай (нэг секундэд 1000 миллисекунд багтдаг) харьцуулахад 1.36 миллисекундээр богино хугацаанд үргэлжилсэн тухай Олон улсын Дэлхийн эргэх хөдөлгөөнийг хянах алба болон АНУ-ын Тэнгисийн цэргийн одон орон судлалын хүрээлэн мэдээлсэн байна.


Хүмүүст ийм “богиносох” үзэгдэл мэдрэгдэхгүй боловч цаг хугацааны энэхүү зөрүү нь компьютер, хиймэл дагуул болон харилцаа холбооны системүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.


Цаг хугацааг маш өндөр нарийвчлалтай хэмжихийн тулд 1955 оноос хойш атомын хэлбэлзлийг хянадаг тусгай атомын цагнуудыг ашиглаж эхэлсэн юм. Сонирхолтой нь, өмнө нь дэлхий эсрэгээрээ удаан эргэдэг байсан тул 1972 оноос эрдэмтэд Дэлхийн зохицуулалттай цагаар (UTC) 27 удаа нэг секундийг нэмж иржээ. Үүнийг өндөр жилтэй зүйрлэж болно. Гэтэл үүнээс хойш дэлхийн эргэлт хурдсаж, 2016 оноос хойш секунд нэмээгүй байна. Харин одоо эрдэмтэд эсрэгээрээ нэг секундийг хасах шаардлага гарч магадгүйг үгүйсгэхгүй байна. Харин дэлхий даяарх техникийн системд энэ нь "2000 онд үүсэж байсан асуудалтай адил байж болзошгүйг" эрдэмтэд анхааруулжээ. Тухайн үед компьютерууд "99"-өөс "00" болгож өдөр хоногийг "дахин тохируулж" чадах эсэхэд бүгд эргэлзэж байжээ.


Гэхдээ дэлхийд сөргөөр нөлөөлж байгаа дулаарал нь дэлхийн эргэлтийн хурдыг сааруулж байгаа ажээ. Хэрэв мөс хайлаагүй бол өнөөдөр нэг секундийг хассан байж магадгүй. 


Ойрын хугацаан дахь дэлхийн эргэлтийн хурдны өөрчлөлт нь Сарны байрлал болон далайн түрлэгтэй холбоотой байх бөгөөд мөн улирлын хүчин зүйлс ч нөлөөлдөг. Тухайлбал, зун дэлхий ерөнхийдөө арай хурдан эргэдэг. Харин урт хугацааны таамаглал дэвшүүлэх нь хүндрэлтэй бөгөөд эрдэмтэд нэг жилээс цааших хугацаанд таамаглал дэвшүүлдэггүй ажээ. 





相关新闻