БУЛГАН: "Таван цэг" багийнхан хойд захаас өмнөд захын цэг хүртэл гүйнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Таван цэг” багийнхан хойд бүсийг чиглэсэн гүйлтээ эхлүүлж Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Мөнхбат тэргүүтэй усчин дайчид, Хялганат тосгон дахь төрийн цэргийн байгууллагын төлөөлөл амжилт ерөөж, үдэн мордууллаа.
Эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх гүйлтийг амжилттай гүйцэтгэсэн “Таван цэг” багийнхан өнөөдрөөс Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Эрдэнэт хот, Булган аймаг, Хутаг-Өндөр сум, Мөрөн хот гэсэн чиглэлийн гүйлтээ эхлүүллээ.
Шинэ чиглэлийнх нь гүйлтийн талаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамцаас тодруулахад, “Бид 64 дэх өдрөө гүйж байна. Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын Сонгинотын даваагаас Дорнод аймгийн Халх гол сум Нөмрөгийн гол хүртэлх гүйлтээ амжилтаа гүйцэтгэж, өнөөдрөөс эх орныхоо хойд зүгийн чиглэл дэх гүйлтээ эхлүүлж байна” гэв.
“Таван цэг”-ийн гүйгч Зэвсэгт
хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер Б.Буянхишиг энэ өдрүүдэд
хамтдаа гүйх бөгөөд тэднийг Орхон аймгийн удирдлагууд 6 дугаар сарын 5-ны
өдөр төв талбайдаа угтан авахаар төлөвлөжээ.
“Таван цэг” багийнхан Хөвсгөл аймагт хүрмэгцээ үргэлжлүүлэн хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр дамжин гүйхээр тооцоолсон байна.