ДОРНОГОВЬ:Тэмээний буйл урлах, танин мэдэх арга ухааныг боловсролын хөтөлбөртөө оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-02 16:58:26

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Г.Хүрэл-Ухна өөрөө урласан 500 гаруй буйлтай. Тэрбээр 1971 оноос хойш буйл зорж заримыг нь цуглуулсаар эдүгээ 5000 гаруй буйлтай болсон байна.


Харин түүний урлаж, цуглуулсан буйлыг сумын Соёл спортын төвийн хамт олон нүүдэлчдийн уламжлалт мал аж ахуй, өв соёлын нэгэн жишээ болгож Боловсролын хөтөлбөртөө оруулжээ. Өөрөөр хэлбэл, тэмээн соёлын нэгээхэн хэсэг болсон буйлыг өсвөр үе хүүхэд залууст сурталчлан таниулах, буйл урлах арга ухааныг зааж сургах ажлыг зохион байгуулж байгаа юм.


Соёлын төвийн хамт олон Сайншандад болсон “Номын баяр”-ын үеэр тэмээний буйлын талаар танин мэдэхүйн сонирхолтой мэдээллийг хүүхэд багачуудад тайлбарласан байна. Олон мянганы тэртээ нүүдэлчид таван хошуу малаа гаршуулж амьдралынхаа нэгээхэн хэсэг болгосон байдаг. Энэ нь цаг хугацааны явцад өв соёл болтлоо түгэн дэлгэрсэн  юм. 


Говь нутагт тэмээ гэх тэнүүн сайхан амьтан бий. Говийн малчид тэмээгээ гаршуулж, эдэлгээ уналгад хэрэглэн, байгаль цаг агаарын онцлогт тохируулан ашигласаар ирсэн. Нүүдлийн мал аж ахуйн дундаас буй болсон өв соёлын нэг нь тэмээний буйл урлах юм. Тэмээг сургаж, хөтөлж, залж, уналга ачлагад номхруулан эдлэхэд говьд ургадаг бүйлс хэмээх модлог ургамлыг зорж хийсэн буйлыг хамарт нь хийж, тэмээний ноосоор томж эрчилсэн бурантагаар залан явдаг билээ.




相关新闻