ДОРНОГОВЬ: Замын-Үүд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Замын-Үүд суманд 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус барилгыг 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн монгол констракшн” ХХК гүйцэтгэж өнөөдөр ашиглалтад оруулж байгаа юм.
Замын-Үүд суманд одоогоор улсын статустай
ерөнхий боловсролын гурван сургуульд 3500 орчим хүүхэд сурч байна. Шинэ сургууль ашиглалтад орсноор дөрвөн сургуультай болж, ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал багасч, сурагчдын сурч боловсрох боломж
нөхцөл сайжрах аж. Манай улсын хамгийн том боомт болох Замын-Үүд суманд бүртгэлтэй 19 мянга орчим хүн амьдарч байгаа бол энэ тоо түр
оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим болдог байна.
Шинэ сургуулийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр болон боловсролын байгууллагын багш, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцжээ.