ЗАВХАН: Монгол эм, уламжлалт эмчилгээний талаар таниулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймагт уламжлалт анагаах
ухааныг сурталчлан таниулах өдөрлөг боллоо.
Завхан аймаг “Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх. Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой иргэдийг мэдээллээр хангах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
Үүний нэг нь уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний ач холбогдлыг иргэдэд таниулах. Эмийн зохистой хэрэглээ болон монгол эм, уламжлалт эм, эмчилгээний онцлогийг иргэдэд сурталчлах зорилготой өдөрлөг юм.
Өдөрлөгийг аймгийн Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны төв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалтын тасаг, Отгонтэнгэр рашаан сувилал, Одчим наран эмнэлэг, Үе залгамжлагч элит сувилал хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр уламжлалт анагаах ухаан болон сэргээн засах чиглэлээр эмч нар иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө мэдээллээр хангалаа. Өдөрлөгт оролцсон иргэд монголын уламжлалт идээ ундаа, хоол хүнс, монгол эмийн талаарх сонирхолтой мэдээллийг танин мэдэж цусны даралтаа хэмжүүлэх, судсаа бариулах гэхчлэн үйлчилгээг авсан байна.
Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа рашаан сувиллуудын талаарх эмчилгээ үйлчилгээний мэдээллийг авч, эрүүл мэндийн даатгалаар уламжлалтын эмчилгээ үйлчилгээ авах боломжуудын талаар заавар зөвлөгөө авсан. Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй нийтийн үйлчилгээтэй эмийн сангууд, эм ханган нийлүүлэх байгууллагууд оролцож, иргэдэд эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулсан байна.
Эмийн зохистой хэрэглээний мэдээлэл, ялангуяа хүүхдэд эм хэрэглэх онцлог, ахмад настны эмийн хэрэглээ, эмийн гаж нөлөө, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар иргэдэд таниулжээ. Цахимаар авч болох эм зүйн тусламж үйлчилгээ, цахим жор, хууль бус эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний мэдээллүүдийг иргэдэд өглөө. Өдөрлөгт оролцогчид ажлын байрны дасгал хөдөлгөөнөөс гадна, дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар танин мэдсэн үр дүнтэй, оролцоотой өдөрлөг боллоо гэж Завхан аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймгийн хэмжээнд тавдугаар сарын байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд 7.2 мянган өвчтөнийг 48.1 мянган ор хоногоор хэвтүүлж эмчилсэн байна. Нийт өвчтөний 42 хувь нь уламжлалтын эмчилгээнд хамрагджээ. Эрүүл мэндийн байгууллагууд цахим хуудас болон сургалт нөлөөллийн 70 гаруй ажлыг хийж 10600 гаруй хүнд мэдлэг өгчээ. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд тус аймагт халдварт ба халдварт бус өвчнөөр өвчлөгчид 21.1 хувиар буурсан байна.
Монгол эм, эмийн зохистой хэрэглээний талаар иргэдэд таниулжээ