БУЛГАН: "Өсвөрийн сэргийлэгч-2025" хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-28 10:28:00

Булган, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн туршлага судлах, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч-2025” хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үеийнхний нөхөрсөг харилцаа үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооход бодитой нөлөөлөхуйц сургалт сурталчилгаа болж буйгаараа онцлог боллоо.


Тэмцээнд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн 6 сургуулийн хүүхэд, багш, нийгмийн ажилтан, цагдаагийн албан хаагч нар оролцож оюун ухаан, мэдлэг, авьяас, ур чадвараараа өрсөлдсөн байна.


Тэргүүн байрт Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Авьяас сургуулийн “Z-Code” өсвөрийн сэргийлэгч бүлгэм, дэд байрт Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Титэм сургуулийн “Цагаан шонхор” өсвөрийн сэргийлэгч бүлгэм, гутгаар байрт Орхон аймгийн Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн “Аянга” өсвөрийн сэргийлэгч бүлгэм тус тус манлайлсан бөгөөд тэргүүн байрт шалгарсан баг “Өсвөрийн сэргийлэгч-2025” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.


Мөн “Өсвөрийн сэргийлэгч-2025” хойд бүсийн тэмцээнд хүүхдүүдээ амжилттай бэлтгэж оролцсон, үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг багш, нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч нарыг шагнаж урамшуулсан байна.
















相关新闻