ЗАВХАН: Вакцин бол улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг сум, аймгийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмч нар эцэг эхчүүдэд байнга өгч байна. Мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол хүргэж байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Завхан аймагт тавдугаар сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.5 дахин нэмэгджээ. Энэ нь салхин цэцэг өвчнөөр өвчлөгчдийн тоо өнгөрсөн оныхоос 12.1 дахин нэмэгдсэнтэй холбоотой юм.
Өнгөрсөн гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл аймгийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний өвчлөл их байна. Ялангуяа хаврын улиралд салхин цэцэг өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо өсжээ. Улсын хэмжээнд улаан бурхан өвчний тохиолдол ихэссэнтэй холбоотой энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хор уршгийг таниулах зөвлөгөө мэдээллийг олон нийтэд эрчимтэй өгч байна.
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана.
Энэ өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл их байдаг. Тиймээс халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг юм. Халдварлалтын индекс нь 96-98 хувь юм. Улаанбурхнаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй байдаг тухай хүүхдийн эмч нар ярилаа.
-Улаанбурхны шинж тэмдэг
яаж илэрдэг вэ?
-Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин. Улаанбурхны вируст өртсөнөөс хойш 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрч эхэлдэг. Эрт үеийн шинж тэмдгүүд нь өндөр халуурах, ханиалгах, нус гоожих, нүд улайж, нулимс гоожих, амны салст дээр цагаан толбо гарах шинж тэмдгүүд илэрдэг. Халдвар авснаас 7-18 хоногийн дараагаас биеэр тууралт гарч эхэлдэг. Ихэвчлэн нүүр, хүзүүгээр гарч эхлээд 3 хоногийн дотор гар, хөлөөр тархдаг. Улмаар 5-6 хоногийн дараагаас бүдгэрч, арилж эхэлдэг.
-Шинж тэмдгээ анзаарахгүй, тоохгүй байвал ямар хүндрэл үүсэж болох вэ?
-Сохролт,
энцефалит буюу тархины үрэвсэл,
хүнд зэргийн суулгалт, усгүйжилт,
чихний үрэвсэл, уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын
хүндрэлүүд үүсдэг. Тиймээс яаралтай мэргэжлийн эмчид хандах нь чухал юм.
Тухайлбал жирэмсэн
эмэгтэй халдвар авах үед хүндрэл үүсэж, хүүхэд дутуу төрөх эрсдэлтэй болдог. Таваас
доош насны хүүхэд, 30-аас дээш насны
хүмүүст хүндрэл хамгийн үүсэх эрсдэлтэй байдаг. Мөн хүнс тэжээлээр хангалттай
хэмжээний А витамин авч чаддаггүй, шим тэжээлийн дутагдалтай, дархлаа
дарангуйлагдсан хүмүүс эрсдэлт бүлэгт хамрагддаг.
-Улаанбурхан өвчний үе шат гэж бий юу. Гэрийн нөхцөлд эмчлэх арга байдаг уу?
-Улаанбурхан өвчин эмнэлзүйн хувьд хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван хэлбэрээр явагддаг. Өвчин хөнгөн үед гэрийн нөхцөлд эмчилж болно. Хүндрэл өгсөн бол эмнэлэгт л эмчлэгдэнэ. Мөн өвчилсөн хүүхэд суурь архаг өвчинтэй бол эмнэлэгт хэвтэнэ.
-Ямар эмчилгээ хийдэг вэ?
Улаанбурхан өвчнийг
эмчлэх өвөрмөц эмчилгээ байдаггүй бөгөөд шинж тэмдгийг бууруулах, хүндрэлээс
сэргийлэх зорилготой эмчилгээнүүдийг хийдэг. Суулгах, бөөлжих үед алдсан шингэнээ нөхөж,
хангалттай хэмжээний ус ууна. Уушгины хатгалгаа, чих болон нүдний үрэвсэл
үүссэн үед антибиотик эмчилгээ хийнэ.
Улаанбурхны халдвар авсан хүүхэд болон насанд хүрэгчдэд 24 цагийн зайтай А витамины тунг хоёр удаа уулгана. Ингэснээр нүдний гэмтэл, сохролт үүсэхээс урьдчилан сэргийлдэг.
-Улаанбурхан
өвчнөөр өвчилсөн бол хамгийн түрүүнд хаана хандах вэ?
-Сум, өрхийн
эрүүл мэндийн төвүүдэд нэн түрүүнд хандах хэрэгтэй. Уг төвүүд нь улаанбурхан
өвчнийг бусад өвчнөөс ялгах сорьц шинжилгээ авч байгаа.
-Энэ өвчнөөр өвчлөхгүй байхын тулд яах ёстой вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Бүх нийтийг хамарсан вакцин бол улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Вакцин нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд өртөг багатай. Манай улсад хүүхдүүдэд улаан бурхан, гахай хавдар, улаануудын эсрэг нийлмэл вакциныг 9 сартайд болон 2 настайд 2 тунгаар хийдэг. Вакцины 2 тунг хийлгэх нь өвчнөөс 97 хувь сэргийлэх бөгөөд нэг тун хийлгэх нь 93 хувь сэргийлдэг.
Манай
улсад улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдсээр байгаа нь харамсалтай
юм. ХӨСҮТ-ийн өнөөдрийн мэдээллээр лабораториор
батлагдсан 3356, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 525, гэрээр 732, эдгэрсэн
2097, Хавьтал 44 774, нас баралт 2 байна. Уг нь энэ өвчин халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг зөвлөж байна. Ялангуяа уг өвчлөл нь улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байна.
Тиймээс товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юм уу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх хэрэгтэй юм. Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх. Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид яаралтай хандахыг дахин зөвлөж байна.