“Ливерпүүл” 20 дахь удаагаа аваргаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 26 /www.euro-football.ru/. Өчигдөр буюу ням гарагт Английн Премьер Лигийн энэ улирлын сүүлчийн тойргийн тоглолт болж, яг нэг сарын өмнө аваргын болзлыг хангасан “Ливерпүүл” баг талбайдаа “Кристал Пэлас” багийг хүлээн авч тоглолоо.
Тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр
өндөрлөж, шүгэл дуугарсны дараа “Ливерпүүл”-ийн хөлбөмбөгчид, дасгалжуулагчдад шагнал гардуулах ёслол болов.
Домогт “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан “Ливерпүүл”-ийн тоглогчид, хөгжөөн дэмжигчид хамтдаа баяраа тэмдэглэлээ. Нэг сарын өмнө Арне Слотын дасгалжуулсан тус багийнхан 34 тоглолтод 82 оноо авснаар бусад баг “улаанууд”-ыг гүйцэх боломжгүй болсон бол сүүлчийн тойрогт тэнцсэнээр 84 оноотой болж, Премьер лигт 20 дахь удаагаа аваргалж байна.
Шагнал гардуулах ёслолын онцгой
хүндтэй зочин нь “Ливерпүүл”-ийг дасгалжуулж байсан Юрген Клопп байсан бөгөөд
тэрбээр “Энфилд”-эд авахуулсан гэрэл зургууд, сэтгэл хөдөлгөм үгтэй пост
нийтэлжээ.
“Ливерпүүл” баг Английн аваргаар
20 дахь удаагаа шалгарсан нь энэ юм. Түүнчлэн УЕФА-гийн Аваргуудын лигт 6 удаа,
УЕФА-гийн цомд 3 удаа, УЕФА-гийн Супер цомд 4 удаа, Английн хөл бөмбөгийн
лигийн цомд 10 удаа түрүүлснээр Английн клубүүдийн дотроос хамгийн өндөр
амжилтыг үзүүлээд байна.
Нэг сарын өмнө болсон Английн
Премьер лигийн 34 дүгээр тойргийн тоглолтод ливерпүүлчүүд талбайдаа “Тоттенхэм”
багийг 5:1 харьцаагаар бутниргэснээр дөрвөн тойргийн өмнө аваргын болзлыг
хангасан юм.
Премьер лигийн энэ улирлын
тэмцээний хоёрдугаар байрыг “Арсенал” /74 оноо/ эзэлсэн бол “Манчестер Сити” /71/,
“Челси” /69/, “Ньюкасл” /66/ удаалжээ.