Х.Алонсо “Реал Мадрид”-ыг дасгалжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-26 12:50:54

МАДРИД, 2025 оны тавдугаар сарын 26 /DW/. Германы “Байер Леверкузен” багийн испани дасгалжуулагч Хаби Алонсо зургаадугаар сарын 1-нээс эхлэн Испанийн Реал Мадрид багийг дасгалжуулна гэж тус багийн удирдлага мэдэгджээ. 


Хагас хамгаалагч асан Х.Алонсо Леверкузен багаас явна гэдгээ энэ сарын эхээр мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн улиралд түүний дасгалжуулсан баг Бундеслигт 11 жил тэргүүлсэн “Байерн Мюнхен”-ий давамгайллыг таслан зогсоосон юм.


Испанийн клубийн мэдэгдэлд дурдсанаар, Алонсо 2025 оны зургаадугаар сарын 1-нээс 2028 оны зургаадугаар сарын 30 хүртэл буюу дараагийн гурван улиралд Реал Мадрид”-ын дасгалжуулагчаар ажиллах ажээ. Ийм шийдвэр гарна гэдгийг олон нийт урьдчилан таамаглаж байсан юм.


Х.Алонсо хуучин багууд болох Реал Мадрид, Ливерпүүл, Байерн Мюнхен зэрэг багийн аль нэг нь өөрийг нь авахыг хүсвэл явахыг зөвшөөрсөн гэрээтэй байжээ. Леверкузен дотооддоо хожигдоогүй нь түүнийг Европын клубүүд сонирхож буйн гол шалтгаан юм.  


Х.Алонсо өнгөрсөн улиралд Леверкузен”-ийг дасгалжуулснаар тус баг лигт түрүүлснээс гадна Германы цом, Германы супер цом зэрэг дотоодын гурван том тэмцээнд аваргалсан юм. Өдгөө 43 настай тэрбээр 2026 оны ДАШТ-ий өмнө Бразилын шигшээ багийн дасгалжуулагч болох төлөвтэй байгаа Италийн дасгалжуулагч Карло Анчелоттигийн халааг авах юм.  


Х.Алонсо зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 14-ний хооронд АНУ-д болох клубүүдийн ДАШТ-ий өмнө Реал-д очих гэж байна. Тэрбээр дасгалжуулагчийн замналаа Реал Мадрид”-ын залуучуудын академиас эхлүүлж, 2018-19 оны улиралд 14 хүртэлх насны багийг дасгалжуулж байв.


Х.Алонсо 2009-2014 онд тус клубийн бүрэлдэхүүнд 236 тоглолтод оролцож, Аваргуудын лиг, Ла лиг, Копа дел Рэй зэрэг тэмцээнүүдэд түрүүлсэн билээ. “Ливерпүүл”-ийн тоглогч байхдаа Х.Алонсо 2005 оны УЕФА-гийн Аваргуудын лигт финалын шатанд чухал гоол оруулж түрүүлж байв. Байерн Мюнхен”-д тэрбээр Бундеслигт гурван удаа дараалан түрүүлж, 2016 онд Германы цомыг хүртсэн юм.

 


相关新闻