Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-03 13:36:11

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Болд, "Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох гэсэн заалт орсон байна. Хэн энэ хуулийг санаачлах вэ. Өнөөдөр улс төрийн тогтолцоонд байгаа хамгийн анхаарал татсан асуудал нам хүрээн дэх авлигын асуудал. Энэ бол ганц нэг намын асуудал биш, нийтлэг хэмжээнд хүрсэн. Бид сая хоёр ч сонгууль явууллаа. Сонгуулийн авлига бүх шатанд байгаа хэн арилгах вэ" гэсэн асуудлыг тодруулсаны зэрэгцээ нэг саналаар ялалт байгуулсан ч ялалтыг хүлээн зөвшөөрдөг улстөрийн соёлыг нийгэмд суулгах хэрэгтэй гэв. Эл асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Улс төрийн намуудын санхүүжилт, сонгуулийн тухай заалтууд тодорхой туссан. Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлийн төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөөг АТГ хариуцна. Хөтөлбөрийн Ерөнхий удирдлагыг Ерөнхийлөгч хангана" хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр байр суурь нэг байна. Гэхдээ Ашиг сонирхолын тухай хуулийг эргэж харах хэрэгтэй. Энэ хууль чинь уншигдахгүй байна. Хууль гэдэг иргэндээ ойлгогддог, бодитоор хэрэгждэг байх ёстой. Иймээс Ашиг сонирхлын тухай хуулийн өөрчлөлтийн асуудлыг оруулж ирэх нв зөв байх. Иргэн төрд ажилд орох гэхээр лавлагаа авдаг. Энэ мэт асуудлыг эргэж харах нь зүйтэй юм” гэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал, “Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцид элссэн байдаг. Тус конвенцид Нийтийн албан тушаалтан гэж хэн бэ гэдгийг нарийвчлан тусгасан байдаг. Нийтийн албан тушаалтнуудын ашиг сонирхлыг хянах ёстой гэж ч туссан. Ашиг сонирхлын тухай хууль манай улсад 2012 оноос хэрэгжиж байна. Анх 160 мянган төрийн албан хаагч хөрөнгө орлогоо мэдүүлдэг байсан. Дараа нь 58 мянга болж буурсан. Одоо 39800 албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлж байна. Ер нь бол доод албан тушаалтны хөрөнгө орлогыг хянадгаа болих хэрэгтэй гэдэг. Гэтэл тэдгээр албан тушаалтнууд нь иргэдэд хүрч ажиллаж байдаг. Энэ түвшний албан тушаалтнуудад авлига их байсаар байна" гэсэн хариултыг өгөв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “АТГ анх цаг үеэ олж байгуулагдсан. Гэхдээ анхаарах нэг асуудал байна. Илрүүлээд байгаа хэрэг зөрчил нь дээд түвшиндээ орхигдоод, доод дунд түвшинд илрүүлэлт өндөртэй байна. Өндөр албан тушаалтны хэрэг сүүлдээ тэгс гээд замхардаг. Улстөрийн нам, бүлэглэлийг авлигаас урьдчилан сэргийлнэ гэж хөтөлбөрт туссан байна. Гэтэл авлига энэ түвшинд даамжирсан. Мөн шүүхийн байгууллагыг шалгаж болдог байх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Батлавал баталсан шиг батлах хэрэгтэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд АТГ соён гэгээрүүлэх ажлаа хангалттай хийхгүй байна гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү, "Авлигын хэргийг харахад нэг нь шуналаасаа болж, нөгөө нь цалин хүрэхгүйгээс асуудалд орж байна. Тиймээс төрд ажиллаж байгаа ажилтнуудынхаа цалинг нэмэх дээр анхаарах хэрэгтэй" гэлээ. Харин УИХ-ын гишүүн М.Билэгт, "Төрийн албан хаагчид цалин бага гэдэг үндэслэлээр авлига авч болохгүй. Өндөр цалин авья гэвэл баялаг бүтээгч салбарт ажиллах хэрэгтэй" гэсэн эсрэг байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр парламентын засаглал бүхий улс орнуудад авлигын эсрэг бүлэг байдаг туршлага байдгийг дурдаад Авлигатай тэмцэх парламентын бүлэг байгуулснаа албан ёсоор мэдэгдлээ. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуудлыг тодруулсаны зэрэгцээ зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Дараагаар тогтоолын төслийг бүхэлд нь батлах эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

Б.Туул

 

相关新闻