ДОРНОГОВЬ: VI форум “Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин-Сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн хүрээнд өрнөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/ Жилд нэг удаа зохион байгуулдаг орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо. Уламжлал болсон энэ уулзалтаар орон нутгийнхан алдаа оноо, амжилт бүтээлээ ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг.
Аян замын тэмдэглэл
21 аймгийн хэвлэл мэдээллийн салбарынхан хийгээд нийслэлийн сэтгүүлчдийн төлөөлөл хоёр автобусанд хуваагдан, монгол орны үүдэн хоймор болсон Орхон аймгийг зорьсон нь энэ.
Ноднин жилийн өдийд Булган аймагт болсон уулзалтаар МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарынхан энэхүү форумыг нутагтаа зохион байгуулах үүргийг хүлээн авч байсныг санахад цаг хугацаа урсгал ус шиг л өнгөрчээ. Жилийн хугацаанд уулзаагүй бид зам зуур элдвийг хөөрөлдөн явсаар Эрдэнэт хотын орох хаалганы өмнө ирэхэд Орхон аймгийн салбарынхан идээ ундааныхаа дээжийг барин тосон угтлаа.
Тэд энэ удаагийн уулзалтыг аймгийн ЗДТГ, ИТХ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран зохион байгуулж, УИХ-аар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлахтай давхцуулан “Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин-Сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн хүрээнд өрнүүлэв. Мөн санаа сэдэл авах олон илтгэл мэдээллийг хөтөлбөртөө оруулж, форумд сэтгэл гарган бэлдсэн нь илт байлаа.
Тухайлбал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, хууль эрх зүйн орчны шинэчлэл”, доктор Ж.Цэсэн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим, гүйцэтгэх үүрэг”, доктор Б.Болормаа “Орон нутгийн хэвлэл мэдээлэл, орон нутгийн туршлага”, “Эрдэнэт инфо” сайтын эрхлэгч Э.Одсүрэн “Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр хэрхэн бизнес хийж болох вэ”, “Глобал Монголиа” сэтгүүлийн Х.Хорлоо “Орон нутгаас олон улсад ажиллах боломж” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл мэдээлэл хэлэлцүүлэв.
Мөн Орхон
аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Ганболд
аймаг орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын
ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт” үйлдвэрийн талаар сэтгүүлчдэд тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Бид “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайн бүтээн байгуулалт, орон нутгийн үндэсний үйлдвэрлэгч, Монголын анхны лед гэрлийн үйлдвэр “Анд энерги” ХХК-ийн үйлдвэрлэсэн гэрлийг үзэж сонирхсон бол Эрдэнэт хотод байх Номын сан, теле камерын хяналтын төв, усан бассейн, хотоос холгүй байх Жаргалант сумын бүтээн байгуулалт гээд олон газраар оров. Эрдэнэт бол улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг дангаараа хангадаг, манай улсын гурав дахь том хот билээ.
Энэ бүгдийг үзэг нэгт нөхдүүд олон нийтэд сурвалжлан хүргэсэн тул үүнийг түр хойш тавиад бид биесээсээ юу суралцаж, ямар туршлага хуримтлуулдаг талаар цухас дурдсу.
Алдаа оноогоо ярьж, ажлын түүхээ
хуваалцсан өдрүүд
Орон нутгийнхан жилдээ ганц удаа цугларахдаа юуг онцолж, юуны тухай хөөрөлддөг юм бол гэж зарим нь асууж магад. Мэдээж мэргэжлийн үйл ажиллагаанд тохиолддог хууль эрх зүйн асуудал, хөрөнгө санхүү, ажиллах нөхцөл гээд олон зүйл бий. Форумын үеэр ч үүнийгээ хангалттай ярьдаг. Хоёр өдрийн шахуу хөтөлбөрийн дундах хамгийн үнэтэй мэдээлэл бол бидний амьдрал, ажлын туршлага, алдаа оноо юм.
Гэр бүл, үр хүүхдээс өгсүүлээд алдсан, оносон бүхнээ уудлан ярьж нэгнээсээ туршлага хуримтлуулдаг нь орон нутгийнхны уулзалтын гол үнэт зүйл нь байдаг. “Танай аймгаар сонин юу байна вэ, хэдүүлээ ажиллаж байна, орон тоогоо нэмсэн үү? гээд л хоолоо идэж, цайгаа ууж, амарч суухдаа ч амьдралаа ярилцдаг нь холоос зорин ирсэн бидний уулзахын шалтгаан болдог юм. Миний мэдсэнээр Орхон, Хэнтий, Өмнөговь аймгийнхны салбарт шинэ үеийн залуус түрэн орж ирж байна. “Эрдэнэт инфо” сайтын эрхлэгч Э.Одсүрэнгийн туршлагаас сонирхуулахад, тэрбээр олон талын мэргэжлийн хүмүүстэй баг болж ажилласнаар сэтгүүлчийн ажил хийгээд бусад талаар хөгжих боломжийг өөртөө нээжээ.
Тэрбээр сэтгүүлчид бид нийлээд хийж чадахгүй бол олон салбарынхыг оролцуулаад зорьсон ажлаа хийвэл маш сайн хамтрагчид болно хэмээсэн нь үнэхээр л энэ удаагийн уулзалтаар олж авсан хэрэгжүүлэхээр, туршихаар сайхан санаа байлаа.
Завханы Оюун-Эрдэнэ ажилсаг, нямбай гэдгийг мэднэ. Очсон газрынхаа тухай өдөр бүр л шинэ мэдээлэл, сурвалжилга хийж олонд түгээж байгаа нь бас л түүнээс суралцах боломж гэж харах. Эрдэнэтэд олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл амжилттай ажиллаж буйн нэг нь Update.mn сайт. Сайтын эрхлэгч Б.Соёл-Эрдэнэ мөн л ажилдаа дуртай, эрч хүчтэй, шалмаг сэтгүүлч санагдав. Тэр форумын сонин сайхныг өдөр бүр мэдээлж байлаа.
Орон нутгийн сэтгүүлчдийн үлгэр дуурайлал, уул мэт нөмөртэй Баянхонгорын П.Санаадагва, “Дорнын говиос монгол эхэлдэг” хэмээн орчлонд цуурайтуулж чадсан догшин хутагтын нутгийн сэтгүүлч, яруу найрагч Л.Эрдэнэбат, Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн салбарт тод мөртэй “Радиогийн” Ц.Ариунаа хэмээх гурван гавьяат ижилсэн суулаа.
Орон нутгийн хэвлэлийнхэн бол дотроосоо сэтгэл үнэртүүлж, гадагшаагаа инээд цалгиаж, элдвийг олж мэдэхийн төлөө тэмүүлж байдаг ийм л эрч хүчтэй хүмүүс. Тээр жил Дорнодын уудам талд чуулж, Мэнэнгийн шар талаар довтолгосоор Буйр нуурын захад хүрч энэ их уудам тал, хийгээд гадагшаа шилгээх Буйр нуурын нууцад нэвтэрч байснаа бид яахан мартах билээ.
Түшээт ханы нутаг, мэргэн сайд Агданбуугийн Амарын хүй цөглөсөн газар, зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод уулзаж инээд хөөр, баяр баяслаар цалгиж, ажил амьдралын сонин сайхнаа хүүрнэн, нэгэн сайхан дурсамжийг хамтдаа бүтээлээ.
Алтайгаас хянган,
өмнөөс умардыг хүртэлх уудам газар нутагт сууж, сэтгүүлчийн үзгээ барин чөлөө
завгүй ажиллах орон нутгийнхан Орхон аймагт ирээд зарим нь сурч, зарим нь
сурвалжилж, зарим нь найз нөхөд бололцож хорвоогийн олон өнгийн солонгыг хослуулан явсаар аяны замаа үдшийн бүрий тасрах үеэр эвхэж, шөнө дундын үед Улаанбаатарт ирж, эрсэн эрлээ
олсон аянчид шиг зүг зүг тийш таран одлоо. Бибээр шөнөжин дэргүүлсээр үүрийн
гэгээ цайж, наран ургах агшинд Хул хонгор говьдоо ирэв.
Орхонд учирч дараа жил Дорнын говьд уулзахын шалтгаан энэ буй за. Орон
нутгийн хэвлэл мэдээллийн VI
форумыг амжилттай зохион байгуулсан МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн
М.Балжинням болон хамтран зүтгэгчид, Орхон аймгийн удирдлагууд, Эрдэнэт
үйлдвэрийн удирдлага, ажил хариуцсан
хүмүүст гүнээ талархал илэрхийлье.
Дорноговь-Улаанбаатар-Орхон