ДОРНОГОВЬ: “Ялалт” сонины түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-09 14:23:12

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ууган хэвлэл “Ялалт” сонины түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Түүх сөхвөл, БНМАУ-ын Намын төв хороо, Сайд нарын зөвлөл, Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу 1945 оны 5 дугаар сарын 9-нд тус сонины анхны дугаарыг хэвлэж, аугаа их эх орны дайны ялалтын мэдээг Монголын говь, тал нутгаар анх түгээж байжээ.


“Ялалт” сонин нь тухайн үед Дорноговь аймгийн Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны сонин байсан бөгөөд долоо хоногт 2-3 шинэ дугаарыг уншигчдад хүргэж байв. Дугаар тус бүрийг 4500-5000 ширхэг хэвлэж нам, төр засгийн бодлогыг иргэд хөдөлмөрчдөд тайлбарлан таниулж, тэдний улс төр, хөдөлмөрийн идэвхийг өрнүүлэн зохион байгуулахад чухал ач нөлөө үзүүлж, 50 гаруй жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар зах зээлийн нийгэмтэй золгожээ.




Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр сонины хэвлэх үйлдвэр 1991 онд хувьчлагдаж, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн дагуу 1999 оноос “Ялалт” сониныг татан буулгаж байв. Тус сонин цаашид “Цаасан шувуу” зэрэг нэрээр үргэлжилж аймаг орон нутгийн иргэдийг олон талт мэдээллээр ханган, төр захиргааны бодлого, шийдвэр, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон түмэнд хүргэж сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг.


2011 оноос тус сониныг “Ялалт” нэрээр нь дахин сэргээж сэтгүүлч, яруу найрагч Б.Лхагвадорж эрхлэгчээр нь ажиллаж, өнөөг хүртэл говь нутгийн иргэдэд цаг үеийн мэдээллийг хүргэсээр байна. Сонины редакциас түүхт ойн жилийн хүрээнд “Ялалт сонины мэдээлэл” нэртэй ном гаргахаар бэлтгэж байгаа бол сонины ахмад ажилтнууд түүхт 80 жилийн ойн баярын хурлаа өнөөдөр зохион байгуулж, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын өргөмжлөл, салбарын шагналаар ахмадуудыг шагнасан байна.


相关新闻