ДОРНОГОВЬ: Л.Батмөнх Голдманы нэрэмжит шагналын эзэн болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн Лувсандашийн Батмөнх байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан хүмүүст олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг Голдманы нэрэмжит шагналын эзэн болжээ.
Энэ шагнал нь тив тус бүрээс зөвхөн нэг улсын нэг хүнд олгодог өндөр шалгууртай шагнал ажээ. Эдүгээ 80 нас хүрсэн Батмөнх амьдралынхаа олон жилийг говь нутгийн байгаль хамгаалах үйлсэд зориулж нутаг орноо аймаг, улсын тусгай хамгаалалттай газраар баталгаажуулах, говийн эмзэг эко системийг унаган төрхөөр нь үлдээх, нутгийн хилийн цэс, түүх соёлын дурсгалыг хамгаалахаар судалгаа баримт цуглуулж, нутгийн иргэдийн хамтаар манлайлан оролцож явжээ.
Түүний төрсөн нутаг бол Их Монгол Улсын түүхэнд нэр холбогдддог Чингис хааны сүлд шүтээн цагаан тугийг тахиж байсан Сүлдэнэ хөх овоо, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өвгөн буурал хайрхан болох Хутаг уул, говийн үзэмжит байгаль, унаган төрхийг хадгалсан Дулаанхарын уул, Шувуун шанд, Номт, Гуа тээг зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм.
Тэрбээр хамтран зүтгэгчдийн хамт хагас сая га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авахуулжээ. Ингэснээр тухайн бүс нутгийн аргаль, хулан зэрэг нэн ховор зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалж чадсан байна. Батмөнх гуай дэлхийн байгаль орчны тэмдэглэлт өдрөөр АНУ-ын Сан Франциско хотноо шагналаа гардан авах үеэрээ хэлсэн үгийг тоймлон хүргэе.
Миний бие төрж өссөн Дорноговь аймгийнхаа үзэсгэлэнт байгалийг хамгаалахыг чин сэтгэлээсээ хүссэн. Энэ чин сэтгэлийн хүсэл минь намайг 15 жил алхахдаа алхаж, давхихдаа давхиж, гараараа газрын зураг зурж, олон зуун хүнтэй уулзаж, олон хууль тогтоомж судалж мэдэхэд хүргэсэн. Ийнхүү уйгагүй явсаар 500 мянган га талбайг төрийн тусгай хамгаалалтад авахуулсан нь өнөөдөр миний энд зогсож байгаа шалтгаан юм.
Гэхдээ би энэ ажлыг ганцаараа хийгээгүй. Намайг дэмжсэн гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэсэн олон улсын байгууллага, уугуул суугуул зон олондоо хандаж хэлэхэд, үр хойч минь бидэнд талархана гэдэгт бүү эргэлзээрэй. Тэдэндээ үлдээж чадах хамгийн том бэлэг бол амьсгалах агаар, амьдрах эрүүл орчин, бидэнд яг л энэ төрхөөрөө ирсэн үзэсгэлэнт байгаль, цэнхэр гараг юм.
Үүнийг ойлгохгүй зоосны нүхээр хорвоог харж хууль бус, хяналтгүй уул уурхай эрхлэгчид, хувийн ашиг хонжоо хайж, тэдэнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог албан тушаалтнуудтай би тэмцэхийг хүссэн билээ. Эцэст нь хэлэхэд “Орчлон уудам, би өчүүхэн” гэж Монголын яруу найрагч Ренчиний Чойном шүлэглэсэн байдаг.
Ирээд буцах энэ
хорвоод юу үлдээх вэ гэдгээ сайтар бодож эд материал биш, энгүй орчлонгийн
сайхан бүхэнд тэмүүлж яваарай гэж залуустаа захиж, алс холын америк орноос амжилт
бүтээл бүхнийг хүсэн ерөөж байна гэжээ.