ДОРНОГОВЬ: “Номт даншиг” баг дэд байрт шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харваанд 74 багийн 600 гаруй харваачид өрсөлдсөнөөс Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Баатарсүрэнгийн Наранбаатар ахлагчтай "Номт Даншиг" ХХК-ийн баг харваачид дэд байрт шалгарав.
Харин тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Монгол Улсын мэргэн Гончигдоржийн Наранбат ахлагчтай “Гуа Орд” баг, гутгаар байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Бавуугийн Түвшинбаяр ахлагчтай “Ханхонгор” баг шалгарав.
Ташрамд, “Номт даншиг” баг өмнө нь үндэсний их баяр наадмын шагайн харваанд түрүүлж байснаас гадна 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний шагайн харвааны “Шилжин явах цом”-ын төлөөх хоёр дахь удаагийн тэмцээнд түрүүлснээр тус баг Монголын шагайн харвааны холбооноос зохион байгуулдаг хуваарьт багтсан өндөр чансаатай бүх томоохон тэмцээнд тэргүүлсэн амжилтыг үзүүлж байжээ.