ЗАВХАН: Хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 1993 оноос хойш тасралтгүй нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт хүн амд эзлэх эмэгтэйчүүдийн тоо сүүлийн 10 жилд тасралтгүй нэмэгджээ. Завхан аймаг 21.7 мянган өрхийн 71.8 мянган хүн амтай. Нийт хүн амын 50.1 хувь нь эмэгтэйчүүд байна.
Статистикийн хэлтсийн судалгаа, графикаас харахад 2010 онд Завхан аймгийн нийт хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь их байсан бол 2020 онд хүйсийн харьцаа тэнцвэржсэн байна. 2021-2025 онд нийт хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь буураагүй, тасралтгүй өссөн байна.
Өнөөдрийн байдлаар Улиастай, Тосонцэнгэл, Шилүүстэй, Завханмандал, Цэцэн-уул, Асгат суманд
эмэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр, бусад суманд эрэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр байна.
Баримтаас үзэхэд, 1923 онд тус аймгийн хүн ам 51 мянга байснаас 45.3 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг байжээ. 1993 онд аймгийн нийт хүн ам 102.7 мянга болж, 51 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байв.
Нас, хүйсийн
бүтцийн судалгаа нь хүн амын нас, хүйсийн бүтцийн өнөөгийн байдал, түүнээс гарч
болох үр дагавар, ирээдүйн төлөвийг тодорхойлоод зогсохгүй цаашид баримтлах
бодлого, төлөвлөлтийн үндэс суурь болдог.
Хүйсийн бүтцийн судалгааг явуулсны үр дүнд аливаа бодлого, үйл ажиллагаанд жендерийн мэдрэмжтэй хандах боломж бүрдэнэ.
Мөн залуу
насны бүтэцтэй буюу 15 хүртэлх насны хүн амын хувь өндөр байгаа улс орнуудын тухайд, сургууль,
цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар төрийн бодлого, хөтөлбөр
боловсруулахад тусгах хэрэгтэй юм.
Харин хүн ам нь
хөгшин насны бүтэцтэй улс орны хувьд, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний
санхүүжилт болон ажиллах хүчний бууралтын асуудлуудад анхаарах хэрэгтэй болдог
гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.