ЗАВХАН: Баруун бүсийн экосистемийн үйлчилгээг хамгаалах бодлогыг тодорхойлох уулзалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний хандлага, төлөв байдлын өөрчлөлтүүдэд нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх уулзалт болж байна.
Өнөөдөр биологийн олон янз байдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилготой дэлхийн өдөр тохиож байна. Энэ жил энэ өдрийг “Байгальтай зохицон амьдрахуй ба тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэж байна.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн байгаль орчны багтай хамтран бүсчилсэн хөгжил ба биологийн олон янз байдал нэртэй уулзалтыг энэ сарын 21, 22-ний өдрүүдэд Улиастайд зохион байгуулж байна.
Уулзалтад Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн ИТХ, ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө, аж ахуйн газар, Байгаль орчны салбарын байгууллагуудын 70 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
Уулзалтад оролцогчид биологийн олон янз байдлын талаарх Монгол Улсын VII тайлан боловсруулах, баруун бүсийн биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний хандлага, төлөв байдлын өөрчлөлтүүдэд нөлөөлж буй засаглал, нийгэм, эдийн засаг, технологийн хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх юм.
Мөн гарсан үр дүнд тулгуурлан
амьдралыг тэтгэгч экосистемийн үйлчилгээг хамгаалах бодлогын үйл ажиллагааг талуудын эрх ашиг, тухайн аймгийн онцлогт нийцүүлэн тодорхойлох юм.
Семинар, уулзалтын үр дүнд үндэслэн экосистемийн үйлчилгээний үнэлгээний тайланг баруун бүсийн аймаг тус бүрээр энэ онд багтаан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр боловсруулан гаргах юм. Энэ тайлан нь баруун бүсийн тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн шинжлэх ухааны үндэслэл байх юм гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.