Завханд хэрэгжиж буй “Ус” дэд хөтөлбөрт судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт хэрэгжиж байгаа "Ус" дэд хөтөлбөрийн эхний шат 2015 онд хэрэгжиж дууссан бол хоёрдугаар үе шатыг 2016-2021 онд хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөөгөө боловсруулаад байна. Энэхүү хөтөлбөр хэрхэн үр дүнтэй явагдаж байгаад "Өрнөх хөгжил" төрийн бус байгууллага судалгаа хийж байна.
Судалгааг ус ашигладаг байгууллага иргэд, ус түгээдэг ажилтан, албан хаагчид усны талаарх авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх аж.
Дашрамд Завхан аймагт ус хэрэглээний түвшин харилцан адилгүй байдаг. Тухайлбал орон сууцны айл өрхүүд хоногт дунджаар 210 л ус, гэр хорооллын оршин суугчид 5-8 л ус хэрэглэдэг байна.
Завханы төв Улиастай хотын хэмжээнд одоогоор 17 усан сан, зургаан худаг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Аймгийн гадаргын усны нөөц 3.16 км.куб, газрын доорхи усны нөөц 1.14 км.куб гэж тогтоогдсон боловч үүнээс ашиглах боломжтой нь 0.57 км.куб байдаг байна. Аймгийн төвийн дундуур урсах Чигэстэй голын урсацын хэмжээ гэхэд сүүлийн 30-аад жил тасралтгүй буурч зарим хэсэгтээ тасарчээ.
Усны нөөц жилээс жилд хомсдож байгаа энэ үед иргэдэд зөв мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан хэлж байна. Тиймээс Завхан аймаг “Ус” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй юм. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор усны нөөцийг бохирдол хомсдлоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс "Ус" үндэсний хөтөлбөрийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.
Б.Мягмарсүрэн