СЭЛЭНГЭ: Эмч, мэргэжилтнүүдийн эмчилгээний чанар, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-27 17:14:54

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Монгол хүний эрүүл мэндийг монгол анагаах ухаанаар аварна. Монголчуудын өөрийнх нь анагаах арга ухааныг гадны өндөр хөгжилтэй орноос хайх хэрэггүй юм. Уламжлалт анагаах ухааны 5000 жилийн түүхтэй арга ухаан нь монголчуудын өөрсийнх нь эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл болж чадна. Иймээс уламжлалт анагаах ухааны талаарх мэдлэг боловсролоо иргэд дээшлүүлэх хэрэгтэй” хэмээн ЭМЯ-ны анагаах ухааны ёс зүйн хорооны дарга, АШУ-ны доктор профессор, АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан проректор Д.Цэрэндагва ярилаа.

 

Өнгөрсөн бямба гарагт Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн доктор профессорын зөвлөх баг Сэлэнгэ аймагт ажиллалаа.


Нийгмийн эрүүл мэндийн хуулийн хүрээнд нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс тус Зөвлөх багийнхан ажиллаж байгаа бөгөөд “Уламжлалт анагаах ухаанаар өөрийгөө эмчлэхүй” сэдвээр иргэд олон нийтэд мэдээлэл өглөө.


Багийнхны үндсэн зорилго нь орон нутагт ажиллаж буй эмч нарыг монгол уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн шинэ мэдлэг, мэдээллээр хангах, судалгаа хийх, дэмжиж хамтран ажиллах, хөдөө орон нутгийн бүх шатлалд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн эмчилгээний чанар, үйл ажиллагаанд нөлөөлж, дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ.


Сургалтыг “Тунгалаг цөв боловсруулах үйл ажиллагааны алдагдал ба бодисын солилцооны өвчний эмгэг жам ба бай эмчилгээ, артерийн даралт ихсэлт, цус өтгөрөл, томуу, томуу төст өвчний уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээний заавар, удирдамж. Мөн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн суурь боловсрол ба төлөвшил, Эрүүл монгол хүн анагаах ухаанаар эрүүлжих боломж, шийдэл, Биеийн төрөлх өвөрмөц чанар тодорхойлж, идээ ундаагаар өвчлөлөөс урьдчилан сэргийлэх” гэсэн сэдвийн хүрээнд харилцан ярилцлага хэлбэрээр өрнүүлсэн нь иргэдэд ойлгомжтой, үр нөлөө өндөр үйл ажиллагаа боллоо.  


Зөвлөх багийнхан 2025 оны анхны ажлаа Сэлэнгэ аймгаас эхэлж байгаа бөгөөд Монгол Улсын 21 аймагт энэхүү нөлөөллийн сургалтаа бүсчлэн хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэв.

 

Хангайн бүсэд хамаарагддаг Сэлэнгэ аймагт өвчнөөс урьчилан сэргийлэх олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах боломж байгааг “Ачуут гол” эмнэлгийн зөвлөх эмч, Элэг судлаач, АУ-ны доктор профессор Г.Машбат энэ үеэр онцоллоо.

 

Тодруулбал өндөр настны дунд наслалтыг уртасгах, бага насных хүүхэд рүү чиглэсэн томуугаас сэргийлэх, чийрэгжүүлэлтийн, дунд насныхны дунд цус, шарын, зүрх судасны өвчнөөс урьчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласнаар өвчлөлийг бууруулж болно гэлээ.

 

Эмнэлзүйн доктор профессорын зөвлөх багийн бүрэлдэхүүнд ЭМЯ ны анагаах ухааны ёс зүйн хорооны дарга Анагаахын шинжлэх ухааны доктор профессор АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан проректор Д.Цэрэндагва, АШУҮИС-ийн эрдмийн сургуулийн профессор, Монгол улсын гавьяат багш анагаах ухааны доктор Н.Сүмбэрэлзул, Монголын Уламжлалт Анагаах Ухааны Тэргүүлэгчид /МУАУТ/-ийн “ХАС” Холбооны ерөнхийлөгч, “Ачуут гол” эмнэлгийн зөвлөх эмч, Элэг судлаач, Анагаах ухааны доктор профессор Г.Машбат, “Ач” АУИС-ийн багш, Анагаах ухааны доктор Л.Анхцацрал, АУ-ны магистр, эмнэлзүйн сургагч багш О.Мөнхчимэг нар багтаж байна.


Сэлэнгэ аймагт уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмчилгээ үйлчилгээ эрхэлж байгаа “Асгатын дов” уламжлалтын эмнэлгийн захирал, уламжлалт зүү, төөнүүрийн их эмч, магистр МНАУН-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Дуламсүрэнгийн урилгаар дээрх баг ажиллалаа.

 

相关新闻