Нийслэлийн анхны суурийг тавьсан нутагт хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-22 21:08:05

Улаанбаатар хотын анхны суурь буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, НЗД С.Батболд болон холбогдох албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулдаг энэхүү хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 17 дахь жилдээ болж буй юм. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээий үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй хуваргууд ном айлдаж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөв.

1639 онд анхдугаар богд Занабазар гэгээнтнийг 5 настай байхад нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн Улаанбаатар хотын эхлэл байсан гэж үздэг. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр онцлов.

Тэрбээр, “Соёлт хүмүүний эрхэмлэх ёстой зүйл бол дээд үеийнхээ түүх, дурсгалыг мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэх юм. Тиймээс ч 17 жилийн өмнө миний бие НЗД-аар ажиллаж байхдаа энэхүү газарт 2 метр өндөртэй гэрэлт хөшөө босгосон.

Одоогоос 17 жилийн өмнө буюу 1999 оны 10 дугаар сард нийслэл хотын 360 жилийн ой тохиож байсан. Улаанбаатар хот түүхэндээ 28 удаа бууриа сэлгэж, 16 газарт сууриа засч байсан. Бид нүүсэн, буусан бүхий л газарт Хангарди бүхий Гэрэлт хөшөө босгохыг зорьж байгаа” хэмээв.

Нийслэлийн бууриа сэлгэсэн нутаг бүрт Гэрэлт хөшөө босгох ажил дуусах шатандаа орсон бөгөөд одоо 2 газар үлдсэн гэдгийг НЗД С.Батболд хэлэв.

Тэрбээр, “Нийслэлийн нэг буурь ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байдаг. Тиймээс бид Гэрэлт хөшөө босгох талаар БНХАУ-ын Засгийн газар, ӨМӨЗО-ны удирдлагуудтай уулзаж, ярилцах юм. Харин хоёр дахь газар нь Хэнтий аймгийн Сарьдагийн хийд. Тэнд удахгүй Гэрэлт хөшөө босно.

НИТХ-ын сонгуулиар томилогдсон нийслэлийн шинэ удирдлагууд өмнөх Засаг дарга нарын эхлүүлсэн сайн ажлыг үргэлжлүүлэхээс гадна Улаанбаатарын түүхийг судлаж, олон түмэнд хүргэх нь туйлын чухал юм” гэв.

НИТХ-ын дарга Ц.Сандуй, “1639 онд байгуулагдсан Шар бүсийн ордон Монгол гэрийн хэв шинжийг шингээсэн өргөө, дугана тэргүүтнээс бүрдэж байсныг түүхчид судлан тогтоосон. Энэхүү газарт сууриа тавьсан Улаанбаатар хот эдүгээ 4 хайрханы дунд хөгжин дэвжиж, дэлхийн “Саятан хот”-ын эгнээнд багтсан нь бахдам амжилт юм. Тиймээс эх хотын өлгий нутагт хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсны үйлдэл юм” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻