БУЛГАН: Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-23 10:05:00

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 23  /МОНЦАМЭ/.  Монгол Улсын шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн хоёр өдөр үргэлжлэн аваргуудаа шалгарууллаа.


Тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 сумын 40 гаруй шатарчин өрсөлдсөн байна.


Аймгийн ИТХ-ын Бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Норжинсүрэн шатрын тэмцээнийг нээж  үг хэлэхдээ, "Шатар бол цэвэр хувь хүний тэсвэр тэвчээр, оюуны бядыг шалгасан спорт. Энэ спортыг Европт зөвхөн эрэгтэйчүүд, ихэс дээдэс тоглодог тоглоом гэж үздэг бол монголчууд баян, ядуу, нас хүйс харгалзахгүй тоглохын зэрэгцээ нүүдэлчин аж ахуйдаа тохируулан гарын доорх мод, чулуугаар дүрслэн тоглож ирсэн. Шатар тоглосноор хүний ухаан тэлж сэтгэлзүй эрүүлждэг" хэмээн онцоллоо.


Булган аймгийн 16 сум, 1 тосгоны 25-аас дээш насны шатар сонирхогчдийн аймгийн аварга шалгаруулах тус тэмцээнд Эрэгтэй төрөлд: нэгдүгээр байрт С.Наранбаатар,  хоёрдугаар байрт Т.Цэвэгжав,  гуравдугаар байрт С.Лувсанцоодол,  дөрөвдүгээр байрт Д.Мөнгөнхүү, тавдугаар байрт Б.Цогтгэрэл  нар,  Эмэгтэй төрөлд: нэгдүгээр байрт Н.Даваасүрэн, хоёрдугаар байрт Б.Хэрлэн, гуравдугаар байртЛ.Майцэцэг,  дөрөвдүгээр байрт Д.Жаргал,  тавдугаар байрт М.Өлзийжаргал нар тус тус байр эзэллээ.


Шатрын спортоор сумдад дугуйлан хичээллүүлж, хүүхдүүд маш идэвхтэй суралцдаг ч 25-аас дээш насныхан идэвх муутай байдаг ажээ.


Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр настай тамирчин 87 настай Ц.Лхагвасүрэн байлаа.


Мөн энэ үеэр шатрын спортоор хичээллэдэг зэрэгтэй тамирчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж, 30 гаруй тамирчин оюуны бяд, сэтгэлгээний хурдаар өрсөлдсөн байна. 





相关新闻