ЗАВХАН: Өсвөрийн сургагч хүүхдүүд гар угаахын ач тусыг таниулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-25 17:30:59

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Би цэвэр гартай хүүхэд” аяны хүрээнд өсвөрийн сургагч хүүхдүүдийг бэлтгэж байна. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилгаар “Би цэвэр гартай хүүхэд” аян Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт өрнөнө.


Аянд дээрх аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар ангийн нийт 7000 гаруй сурагч хоёр сарын хугацаанд хамрагдаж, гарын ариун цэвэр, гар угаасны ач холбогдлыг танин мэдэж, зөв дадал хэвшилд суралцах юм.


Аян энэ сарын 15-наас эхэлж 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Завхан аймагт дэлхийн гар угаах өдөр буюу энэ сарын 15-ны өдөр үйл ажиллагааг нээсэн. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд 100 өсвөрийн сургагчийг бэлтгэх сургалтыг хийж байна. Эдгээр өсвөрийн сургагч хүүхдүүд нь бага ангийн хүүхдүүдэд гар угаахын ач холбогдлыг таниулж, гар угаах дарааллыг зааж сургах юм. Өнөөдрийн байдлаар өсвөрийн сургагч нар 270 гаруй хүүхдэд гар угаах дарааллыг зааж өгчээ. 

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан.


Орон нутагт энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон нийтийг хамарсан нэг л үйл ажиллагааг явуулдаг байсан.

Харин энэ жил хоёр сарын турш хүүхдүүд бие биедээ гар угаахын ач тусыг таниулж нөлөөллийн олон талт үйл ажиллагааг явуулж байгаа нь сайшаалтай юм.


Хүүхдүүдээр дамжуулан олон нийтэд гараа савандаж угаахыг уриалсан томоохон кампанит ажил болж байна. Ер нь гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулах нь энэ аяны зорилго юм. Гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалгаа, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой юм.

"Би цэвэр гартай хүүхэд" аяныг аймагтаа, Хүүхэд гэр, бүл хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн Хүүхдийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.


Хоёр сарын хугацаатай Завхан аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд хэрэгжинэ.


Сургуулийн өөрөө удирдах зөвлөлийн сурагчид үдийн цай хөтөлбөрийн үеэр бага ангийн сурагчид гарын ариун цэврээ сахиж байгаа эсэх, гар угаах орчин, угаалтуурын хүрэлцээ хангагдаж байна уу гэдэг хяналтыг мөн тавина гэж Завхан аймгийн Хүүхэд гэр, бүл хөгжил хамгааллын газраас мэдээлэв. 

“Би цэвэр гартай хүүхэд” аяны хүрээнд бэлтгэгдэж байгаа өсвөрийн сургагч хүүхдүүд


相关新闻