ДОРНОД: “Хазаар” кинонд ойд 11 хоног төөрсөн хүүгийн тухай өгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-22 10:43:44

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Одоогоос 14 жилийн өмнө Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Алтангэрэлийн Уранбаяр гэх 10 настай хүү ойд төөрч, 11 хоногийн дараа олдсон юм. Тэгвэл энэ үйл явдлаас сэдэвлэн “Хазаар” МУСК-г бүтээжээ. 


Үйл явдлыг эргэн сануулбал, 2010 оны зургадугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын дөрөвдүгээр багт зусаж байсан Н.Алтангэрэлийн отгон хүү А.Уранбаяр сураггүй алга болж, аймаг, сум, улсын Онцгой байдлын аврагчид хүүг эрэн хайж, эцэстээ эрэл мухардан ажиллагааг зогсоож байв. Гэтэл А.Уранбаяр ойд 11 хоногийг өнгөрүүлж, төрж өссөн сумаасаа 140 км-т явган алхсаар Дадал сумын нутаг дэвсгэрт хүний бараа харж, амь аврагдсан байдаг.


Энэ хугацаанд хүү гурван чонотой таарч, нэг нь бүр унтаж байгаад сэрэхэд нь хөлийг нь үнэрлээд зогсож байсан, нөгөө хоёр нь 48 цаг дагасан гэж дараа нь тэрээр ярьжээ. Өвөөгийнхөө зааж сургасныг санаж, унаж явсан мориныхоо хазаар, амгайг хооронд нь харшуулж, чимээ өгсөөр амь аврагдсан түүхтэй. Хоёр чононоос айж явсаар усгүй хатаж үхэхийн даваан дээр булаг урсах чимээ сонсож, булгийн эхэн дээрээс олсон ундааны саванд ус дүүргэж уусаар өл залгасан гэдэг. Булгийн дэргэд унтаад өглөө нь сэрэхэд өөрийг нь тойроод найман буга урамдах нь урамдаж, ус уух нь уугаад зогсож байжээ. Арван настай хүү дараа нь тэр тухай бодохоор уран сайхны кино шиг санагдсан гэж дараа нь ярьсан байдаг. 


相关新闻