ДУНДГОВЬ: Математикийн багш Л.Цэрэнбямбын нэрэмжит кабинет байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 10 жилийн ууган “Эрдмийн далай” суруулийн 80 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд монголын математикийн багш нарын анхны олимпиадын аварга, зуун буудалт даамын спортын дэд мастер, Боловсролын тэргүүний ажилтан Лувсангийн Цэрэнбямбын нэрэмжит математикийн кабинет байгуулав.
Багш Л.Цэрэнбямба 1976
оноос Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд багшилж байгаад 1980 оноос Монгол
Улсын гавъяат багш Н.Өлзийн санал болгосноор Эрдмийн далай сургуульд шилжин
ажиллаж, 1982 оны хавар математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны ангийг дааж
төгсгөснөөс хойш сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн
математикчдыг бэлтгэх үйлсэд амьдралаа зориулсан юм.
Тус сургуульд 19 жил
багшлахдаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг 1982, 1984, 1987,
1990, 1993, 1996, 1999 онд нийт 7 удаа төгсгөж, 1990 онд Монголын математикийн
багш нарын анхны олимпиадад түрүүлж, Швед улсад болсон Олон улсын математикийн
32 дугаар олимпиадад Монгол Улсаас оролцох сурагчдын багийн дэд ахлагчаар оролцож
байжээ.
Шавь нараас нь Олон
улсын олимпиадад 1982 онд Г.Бадамсүрэн, 1985 онд Б.Гантуяа, 1993 оны улсын
олимпиадын аварга Ж.Эрдэнэбат нар оролцож байсан бөгөөд Олон улсын олимпиадын
бэлтгэлд 1985 онд Г.Бадамцэрэн, 1987 онд Ц.Довчин нар шалгарч бэлтгэл хийж
байсан.
Түүнчлэн 1990 оны
төгсөгч шавь нарынх нь санаачилгаар 2009 оноос аймгийн 100 буудалт даамын өсвөр
үеийн аварга шалгаруулах тэмцээнийг багш Л.Цэрэнбямбын нэрэмжит болгон жил бүр
зохион байгуулдаг.
1980 оноос 15 сумын
сургуулиас 7 дугаар анги төгсөх жил шалгалт авч, тэнцсэн сурагчдыг математикийн
гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсүүлэн, математик, геометр, логик сэтгэлгээг
хөгжүүлж байсан нь одоогийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Цэгц билиг
сургуулийн суурь болжээ.
Цаашид Эрдмийн далай сургуулийн математикийн болон бага ангийн багш, сурагчдыг хөгжүүлэх зорилгоор “Математикийн багш” сан байгуулж байгааг Л.Цэрэнбямба агсны гэргий, математикийн ахмад багш Ц.Бямбасүрэн кабинетын нээлтийн үеэр мэдэгдсэн юм.