ХӨВСГӨЛ: Буриад улсын ХААИС-д малын эмч, зоотехникч мэргэжлээр оюутан сургаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хамгийн их эрэлттэй байгаа малын эмч, зоотехникч мэргэжлээр Буриад улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн захирал Жапов Жаргал Николаевичтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Энэ намар Хөвсгөл аймгаас малын эмч, зоотехникч мэргэжлээр нийт 10 оюутан суралцаж байна.
Тус оюутнуудын 5 нь гэрээ хийж сургалтын төлбөрийн 50 хувийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж төгсөөд орон нутагтаа ажиллахаар болжээ.
Хөвсгөл аймаг 21914 малчин, мал бүхий өрхөд 5,7 сая толгой
малтай улсад тэргүүлдэг боловч малын
эмч, зоотехникч хүрэлцээ муу, дутагдалтай байдаг гэдгийг Хөвсгөл аймгийн Мал
эмнэлгийн газрын дарга Л.Ариунаа хэллээ.