ХӨВСГӨЛ: 1937 оноос иргэдэд кино урлагаар үйлчилж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-14 15:03:01

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг Хөвсгөл аймагт тэмдэглэв.


Түүхэн ойн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн кино урлагийн салбарт олон жил ажилласан 40 гаруй ахмад механикч, техникч, монтажийн ажилтнууд оролцлоо.


Энэ үеэр Тосонцэнгэл сумын ЭМТ-ийн хамт олон “Шинэ үсгийн багш” киноны дүрүүдийг амилуулан сонирхолтой үзүүлбэр үзүүлж, хуучны кино техник ашиглан нэг бүлэг кино үзүүлсэн нь ахмадуудын дурсамж сэргэсэн сайхан ажил боллоо гэдгийг хэлж байлаа.


Хөвсгөл аймагт 1937 оноос иргэдэд кино урлагаар үйлчилж эхэлсэн түүхтэй юм. 1938 онд тус аймаг 230 удаа кино гаргаж үзүүлсэн амжилтаар улсад тэргүүлж байжээ.


Аймгийн анхны кино театр 1951 оны 9 дүгээр сарын 7-нд байгуулагдаж даргаар нь Б.Дашдэндэв томилогдож өөрөө кино механикч хийж байсан түүхтэй юм.


1971 онд 330 хүний суудалтай кино театрын 2 давхар шинэ барилгыг ашиглалтад оруулж, “Уран даш” кино театр гэж нэрлэж байжээ.


Ойн баярын хуралд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Цэцэгмаа, СУАЖЗГ-ын дарга Л.Батцэцэг, Мөрөн сумын ЗДТГ-ын дарга С.Мөнхболд нар салбартаа олон жил ажилласан ахмадуудад аймаг, сумын шагнал болон гарын бэлэг гардуулан хүндэтгэл илэрхийллээ.

 




 

相关新闻