ХӨВСГӨЛ: Цэцэрлэгт хүрээлэнд тарьсан модыг хаягжуулж, мэдээллийн самбар байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-12 12:47:06

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааг хариуцан ажиллаж байгаа “Их мөсөн уул” ХХК “Нэг үе” цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн 50 мод, төв цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн 150 мод тус тус тарьжээ.

 

Дээрх газруудад тарьсан модны арчилгаа, цэнэг усалгааг хийж, ургахгүй модыг нөхөн сэргээж, 200 модыг хаягжуулж, мэдээллийн самбарыг цэцэрлэгт хүрээлэнгүүдэд байршуулжээ.


Ногоон байгууламжийн арчилгааг хариуцан ажиллаж буй “Их мөсөн уул” ХХК-ийн ажлын явцыг Мөрөн сумын ЗДТГ-ын Ногоон байгууламж хариуцсан ахлах ажилтан Ц.Санжааренчин хяналт тавин ажиллаж байна.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт мод тарьж ургуулах чадавхыг бэхжүүлэх, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, олон нийтэд экологийн боловсрол олгох, үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэхээр 2021-2030 хүртэл хугацаанд 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Жил бүр 2,2 сая мод тарьж ургуулах юм.

Тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн 4 жилийн хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тоо 20 хувиар нэмэгдэж, 1.297.677 ширхэг 15 зүйлийн тарьц суулгацыг ургуулж байна.

 



 

相关新闻