БАЯНХОНГОР: Нүүр амны эрүүл ахуйн сургагч багш нарыг бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийн амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Нүүр амны эрүүл ахуйн сургагч" бэлтгэх сургалтыг энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Мишээл” хүүхдийн сантай хамтран зохион байгуулж буй тус үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Мишээл хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Габриелла Шмитд Корситто, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, төслийн багийн ажилтнууд оролцлоо.
“Нүүр амны эрүүл ахуйн сургагч“ бэлтгэх онол, дадлага хосолсон сургалтад 20 сумын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 86 эмч, багш, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалт явуулах иж бүрэн багц хэрэглэгдэхүүнээр хангах юм.
Энэхүү үйл ажиллагаа тус сантай хамтран зохион байгуулж байгаа хоёр дахь хөтөлбөр бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард алслагдсан сум, баг болох Заг, Баянбулаг, Шаргалжуут суманд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ, сургалтыг зохион байгуулж, 900 гаруй хүүхэд багачуудыг хамруулсан байна.
Аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан 17 хүртэлх насны 18 мянга гаруй хүүхдийн 50.4 хувийнх нь шүд цоорсон байсан бөгөөд хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа 6-17 насны хүүхдийн шүд цоорлын тархалт 83 хувьтай байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байна.
Тиймээс хүүхдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт эрүүл амьдралын хэв маяг төлөвшүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн сургагч багш бэлтгэх, хүүхдийн шүдний өвчнийг багасгах чиглэлээр урт хугацаанд үр дүн гаргах зорилгоор “Мишээл” хүүхдийн сантай ийнхүү хамтран ажиллаж буйгаа аймгийн ЗДТГ-ын дарга онцлов.

