БАЯНХОНГОР: "Ламын тогоо" хэмээх зэс тогоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-30 09:59:37

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Чин сүжигт Номун ханы хийд буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын хийдийн 700 гаруй ламын хоол, цайг том хэмжээний зэс тогоонд хийдэг байжээ.

Ийм тогоо олон байсан хэдий ч 1990-ээд оны үед зэс, гууль үнэд ороход үрэгдэж, дөрвөн талдаа бариултай зэс тогоо ганц үлдсэн нь аймгийн музейд хадгалагдаж байна. Зэс тогоо нь зузаан ханатай, бат бөх хийцтэй, олон жилийн турш ашиглагдахуйц байдгаараа онцлог.


Эрт цагт сүм хийдэд олон лам хамт хооллодог байсан учир асар том тогоо хэрэглэх шаардлагатай болжээ. Тиймээс “ламын тогоо” гэж нэрлэгддэг зэс тогоог хэрэглэдэг байсан байна. Зэс нь дулаан хурдан дамжуулдаг, хоол хурдан жигд болгодог тул олон хүний хоол хийхэд тохиромжтой байжээ.


Зэс тогоонд ихэвчлэн цай, цагаан идээтэй шөл, махтай хоол зэрэг лам нарын өдөр тутмын хоолыг хийдэг байсан бөгөөд том хийдийн гал тогоонд гол байр эзэлж, лам нарын амьдралын зайлшгүй хэрэглээ болсон байв. Зарим хийдэд одоо ч хадгалагдан үлдсэн бөгөөд зан үйл, баяр ёслолд хэрэглэсээр байна.


Сонирхуулахад, Энэхүү зэс тогоог хэрэглэж байсан Чин Сүжигт Номун ханы хүрээг анх Манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшаравт Чин сүжигт Номун хан цол олгосноор 1751 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн нутагт байгуулсан түүхтэй. Тухайн үедээ алтан шунхан ганжираа гялбуулсан 24 дуган, 4 дацан, 700 гаруй лам хувраг, Ганжуур, Данжуурын бартай долоон сүмбэн зохиолтой бурхны шашны томоохон төв байсан бөгөөд зургаан гэгээн, гурван хутагт тодорсон байна.

相关新闻