ХӨВСГӨЛ: Шилмэл малын үзэсгэлэн, худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-09 10:25:09

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт  гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдааг 2 дахь жилдээ энэ сарын 19, 20-нд зохион байгуулна.


Үзэсгэлэн худалдаанд тус аймагт өсгөн үржүүлдэг баталгаажсан үүлдэр, омгийн мал болох Цагаан-Уул үүлдрийн хонь, Дархад үүлдрийн хонь, Тэс үүлдрийн адуу, Эрчим хар үүлдрийн ямаа, Сэлэнгэ үүлдрийн ямаа, Дархад омгийн адуу, Хогоргын Монгол үхрийг өсгөн үржүүлэгч  цөм сүргийн шилмэл хээлтүүлэгч малаар оролцож малчид иргэдэд худалдан борлуулна.



 Хөвсгөл аймаг 21914 малчин, мал бүхий өрхөд 5,7 сая толгой мал тоолуулж улсдаа малын тоогоор тэргүүлсээр байгаа төдийгүй хамгийн олон үүлдэр, омгийн малтай юм.


Тус аймгийн байгаль, цаг уур, бэлчээрийн маллагаанд онцгой зохицсон нутгийн малыг өөр дотор нь цэврээр сонгон үржүүлэх уламжлалт арга технологид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг олон арван жил тасралтгүй явуулж иржээ.


Үүний үр дүнд бие даасан уналга, эдэлгээ, хурдны чиглэлийн Тэс үүлдрийн адуу, уналга, эдэлгээ  мах чиглэлийн Дархад омгийн цагаан адуу, мах, өөх, бүдүүвтэр ноосны Дархад, Цагаан-Уул үүлдрийн хонь, ноолуурын чиглэлийн Эрчим хар үүлдрийн ямааг тус тус үүлдрээр батлуулсан байна. 


Шинэ хөдөө төслийн хүрээнд 2020 оноос Сэлэнгэ үүлдрийн 510 толгой үржлийн үхрийг авчирч, үхэр сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэхээр малчдад түрээсээр олгон өсгөн үржүүлж байна.

相关新闻