МТҮП-ын захирал Ж.Золзаяаг Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны УЗ-ийн гишүүнээр батламжиллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. ЭЗХЯ, ЦХИХХЯ, МТҮП, Шинжлэх Ухааны Паркийн Захиргаа хамтран “Азийн Шинжлэх ухаан, технологийн паркуудын XXVII их хурал”-ыг энэ сарын 19-21-нд Улаанбаатарт анх удаа амжилттай зохион байгууллаа.
Шинжлэх ухаан, технологийн салбарын ололт амжилтыг дүгнэж, ирээдүйн чиг хандлагыг бүс нутгийн хэмжээнд тодорхойлон, гишүүн
орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж олгодог энэ хурлыг зохион байгуулах нь нэр хүндтэй, өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ удаагийн 27-р их
хуралд Азийн 11 орны 200 гаруй зочин төлөөлөгч оролцож, “Бүсийн хөгжилд оруулах ШУТП-уудын хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” хүрээнд
илтгэл, хэлэлцүүлэгүүд өрнөлөө. Энэ үеэр зохион байгуулсан АШУПХ ASPA
-гийн удирдах зөвлөлийн 42-р дахь хурлаар МТҮП-ийн захирал Ж.Золзаяаг тус
холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр батламжилсан нь салбарын
хөгжлийг ахиулах, инновац, технологийн бизнесүүдийг Азийн зах зээлд гүүр болох
өндөр ач холбогдолтой аж.
МТҮП нь
тус холбооны гишүүн байгууллагаар 2012 онд элссэн бөгөөд тус холбооны удирдах
зөвлөлийн 32-р хурлыг 2014 онд Монгол Улсад зохион байгуулж байв.
Азийн ШУПХ нь
Ази-Номхон далайн бүсийн шинжлэх ухаан, технологийн паркууд, судалгаа
хөгжүүлэлтийн төв, инновацын хаб, технологи дамжуулах төвүүд, мэргэжлийн
холбоодыг эгнээндээ нэгтгэн, салбарын хөгжил, хамтын ажиллагааг дэмжихээр байгуулагдсан, бүс нутгийн
хүрээнд бодлого тодорхойлох, мэдлэг түгээх, технологи дамжуулах тэргүүлэгч
институц юм.