ЗАВХАН: Аргаль хонийг хамгаалахын тулд нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт байршиж буй аргаль хонины нарийвчилсан судалгааг хийх шаардлагатай
байгааг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын
захиргаанаас онцолж байна.
Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Гялгар, Нарийн, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Гялгар орчимд аргаль хонь тогтмол байршиж байна. Судалгаагаар 124 бодгаль тэмдэглэгдсэн.
Дээрх газар нь цоохор ирвэс, халиун
буга, янгир ямаа, монгол тарвага, алтайн хойлог зэрэг ховор ан амьтан тархсан өндөр
уулын экосистемтэй. Цэвдгийн гаралтай цэнгэг уст нуур цөөрөм бүхий бүс нутаг юм.
Завхан аймгийн аргаль хонины нийт нөөцийн 80 орчим хувь нь Шилүүстэй суманд байршдаг.
Сүүлийн хоёр жилд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас
зун нь хур бороо бага, гантай байсны улмаас өвсний гарц багатай нийт нутгаар зудын эрсдэлтэй байсан. Мөн зэрлэг туруутан амьтны хувьд идэш
тэжээл хомстох, гэрийн малд шахагдан бэлчээр нутаг нь багасах. Мөн махчин
амьтанд бариулах зэргээс тоо толгой нь буурах эрсдэл дагуулж байна.
Энэ үед тухайн сумын амьтдын биологийн нөөцийн менежментийг хариуцагч компани, байгаль орчны хамгаалагч, мөн аймгийн БОАЖГ,
ОТУТХГ гээд мэргэжлийн байгууллагууд хамтран биотехникийн үйл ажиллагааг
тогтмол явуулсан юм.
Ер нь улсын тусгай хамгаалалттай болон орон
нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн биологийн олон төрөл зүйлийн нарийвчилсан
судалгааг хийх. Улирлын чанартай биотехникийн үйл ажиллагааг явуулах нь чухал
юм.
Ингэснээр тухайн газарт байрших
аргаль, янгир ямаа, халиун бугыг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх хамгаалахад чухал юм.
Аргаль хонь нь Монгол орны ховор амьтны нэг тул 1953 оноос агнахыг хуулиар хориглож дархан цаазтай болгосон. Зэрлэг амьтан ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах Конвенц(CITES)-ийн II хавсралтад оруулсан амьтан юм.
Аргаль
хонины тархацын 23.4 хувь бүхий байршил нутгийг улсын тусгай
хамгаалалтад хамруулсан байдаг. Судалгаагаар Монгол
улсын 15 аймгийн 110 сумын 47815 км2 талбай бүхий үндсэн байршил нутагт 13-15
мянга орчим аргаль хонь байна гэж тогтоожээ.
Аргаль хонины нөөц нь 1975-1985 оны үеэс 72.0 -76.6 хувиар буурсан байна. Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Архангай зэрэг 7 аймагт аргаль хонины тархац багасаж 34 сум буюу дээрх аймгуудын аргаль хонь бүхий нийт сумдын 31,2 хувь нь огт аргальгүй болжээ. Аргаль хонины нөөц эрс буурсан тул амьдрах орчныг нь хамгаалах, түүнд учирж буй аюулыг бууруулах шаардлагатай тухай Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Аргаль
нь Төв Азийн (Гималайн нуруу, Төвд, Алтайн нуруу) уулархаг, өндөр бүс нутгаар
амьдардаг хамгийн том зэрлэг хонь юм. Аргаль
бол хонины зэрлэг өвөг бөгөөд өдгөө дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм.
Аргаль хонь нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлээр үнэлэгдсэн. Аргалийг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн.
Отгонтэнгэрийн УТХГ, аргалийн нутаг, Доод Гялгарын
оройгоос Дунд Гялгар, Богдын голын эх харагдаж байна
Монгол
орны чимэг болсон сүр жавхлант, сайхан амьтдын нэг болох аргаль хонины эрийг нь
угалз, эмийг нь хонь, үр төлийг нь хурга гэдэг. Аргаль
нь хурд хүчтэй, хүдэр чийрэг, 1 метр 40 см- ээс 1 метр 50 см хүртэлх биеийн
урттай, уг амьтан нас нэмэх бүрт нурууных нь үс бууралтаж, тод цагаан өнгөтэй
болдог.