ЗАВХАН: Бэлчээрийн газрын өөрчлөлтийн үнэлгээг хийх нь ач холбогдолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-08-21 13:46:39

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 82.4 мянган км2 газар нутагтай. Үүний 84 хувь нь бэлчээр. Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгаагаар нийт бэлчээрийн 75 хувь нь байгалийн унаган төлөвөө алдаж, ургамлын төрөл зүйл цөөрч, ургалт багасжээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн нийт бэлчээрийн даац 1.2-3.9 дахин хэтэрсэн байна. Бэлчээрийн доройтлын түвшин ч харилцан адилгүй байна.


Бэлчээрийн өөрчлөлтийг таван түвшинд хуваадаг. Эхний нэг, хоёрдугаар түвшин бол буцаж сэргэхэд харьцангуй амар. Нэг, хоёр жил өнжөөж амраах, нүүдэл суудлаар зохицуулж сэргээх боломжтой.

Гурав, дөрөвдүгээр түвшин бол дөрвөөс таван жил шаардагддаг. Сэргэхэд  амаргүй. Харин тавдугаар түвшинд очиж доройтлын босгыг давахын бол техникийн аргаар нөхөн сэргээхээс өөр аргагүйд хүрнэ. Техникийн нөхөн сэргээлт хийхийн тулд 5-10 жилийн хугацаа шаардагдаж, хөрөнгө мөнгө их зарцуулна. Тиймээс бэлчээрийн газарт фото мониторингийг заавал хийж, үнэлэх нь чухал юм.


Бэлчээрийн мониторинг гэдэг нь бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх. Мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, хүргэх зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг үнэлэхийг хэлнэ.


Мониторингоор газрын гадаргуугийн бүрхцийн мэдээлэл дээр үндэслэж статистик боловсруулалт хийх замаар мэдээний олон жилийн цуваа үүсгэж бэлчээрийн ашиглалтын нөлөөллөөс үүссэн өөрчлөлтийг хянана. Тухайн жилийн мониторингийн үр дүнг бэлчээрийн төрлийн төлөв байдлын чанарын лавлагаа түвшинтэй харьцуулна.

Мониторингийн тайлан үр дүнг бэлчээрийн менежментийн хэвийн үйл ажиллагааг хянах, бэлчээрийн газар ашиглалтын үр нөлөөг үнэлэх, бэлчээр ашиглуулах гэрээний биелэлтийг дүгнэх, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгож ашигладаг тухай Завхан аймгийн ГХБХБГ-аас онцлов.


Тэлмэн нуур орчмын бэлчээр 

相关新闻