ЗАВХАН: Ходоодны зарим мэс ажилбарыг орон нутагтаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн
эмнэлэг ходоодны шарх, ургацаг гэсэн оноштой 20 гаруй иргэнд мэс ажилбарыг орон
нутагтаа хийсэн байна.
Завхан аймагт өнгөрсөн онд 1600 гаруй иргэн ходоод улаан хоолойн эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагджээ. Эрт илрүүлгээр улаан хоолой ходоодны хавдрын нэг тохиолдлыг илрүүлж, ходоодны шарх, ургацаг гэсэн оноштой 20 гаруй иргэнд мэс ажилбарыг орон нутагтаа хийсэн байна. Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар хотын Бриллиант эмнэлгийн эмч нартай хамтран орон нутагт анх удаа улаан хоолой, ходоодны салст хуулах хоёр хагалгааг амжилттай хийсэн.
Ходоод улаан хоолойн өвчлөлүүд нь байршлаасаа, үе шатаасаа шалтгаалаад ажилбар хийхэд төвөгтэй байдаг. Ингээд оношилгоо, батлагдсан төвөгтэй тохиолдлуудаа цуглуулж, дээд шатны эмнэлгийн эмч нартай хамтран хагалгааг хийсэн юм. Үүнээс хойш ходоодны зарим хагалгааг орон нутагтаа хийдэг болсон. Тухайлбал улаан хоолойн өргөссөн судас авах, ходоодны ургацаг авах, ходоодны хурц цус алдалтыг зогсоох жижиг мэс ажилбаруудыг хийж байна.
Манай эмнэлэг нь дурангийн мэс заслын хоёр, мэргэшсэн хоёр сувилагчтай, ходоод улаан хоолойн зарим мэс ажилбаруудыг орон нутагтаа хийдэг.
Мэс
заслын тасаг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан төдийгүй эмч
мэргэжилтнүүдээ ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах. Иргэдэд эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг орон нутагтаа бүрэн авах боломжийг бүрдүүлэхийг
зорин ажиллаж байгаа талаар аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
Ташрамд тус аймагт 700 гаруй хавдартай өвчтөн хяналтад байдаг. Он гарсаар 4200 хүнд дурангийн шинжилгээ хийснээс ходоодны хавдрын сэжигтэй 120 тохиолдолд эдийн шинжилгээг авсан байна. Үүнээс хожуу үеийн хавдар 10, эрт үеийн хавдар 4, хүнд зэргийн эсийн гажиг 7, хөнгөн зэргийн эсийн гажиг 10 илэрчээ.