ЗАВХАН: Бэлчээр ашиглалтын судалгааг сум бүр харилцан адилгүй хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 18 сум бэлчээрийн судалгааныхаа
хүрээнд газар нутгаа зохистой ашиглахад анхаарч байна.
Тус аймгийн нийт бэлчээр нутгийн 83.56 хувь нь мал сүргийг
хэрэгцээт тэжээлээр хангах боломжтой юм. Завхан аймаг
байгалийн гурван бүсэд хамаардаг цөөхөн аймгийн нэг. Тиймээс бэлчээр нутгаа
ангилж, тухайн газарт тохирсон малыг бэлчээх нь чухал. Бэлчээрийн даац, ургаж
буй ургамлын онцлог, тэжээллэг чанарт нь тохируулж малаа бэлчээх гэх мэт
бэлчээрийн мониторинг судалгаанд үндэслэн бэлчээрээ хамгаалах ажлыг 18 сум бодит ажил хэрэг болгож
байна. Харин бэлчээрийн мониторинг судалгааг гаргачихаад байхад, бэлчээрээ
өнжөөх хамгаалах ажлыг зарим сум хангалтгүй хийж байгаа нь харамсалтай юм.
Аймгийн байгалийн бэлчээр нь 8330627.25 га, үүнээс мал сүргийг хэрэгцээт тэжээлээр хангах тохиромжтой 6960989.34 га буюу 83.56 хувь, бэлчээр нутаг 51 хувь байна.
Харин бэлчээрт ашиглах боломжгүй мөнх цас, хад, цохио, асга
бүхий 1369637.91 га буюу 16.44 хувь талбай байна.
Монгол орны бэлчээр хадлангийн ангилгааны дагуу нийт 244
төрлийн бэлчээр байдгаас Завхан аймагт 180 төрлийн бэлчээрт 70 овог, 350
төрлийн 1200 гаруй зүйл ургамал ургадаг. Тиймээс нийт бэлчээр нутагт ургаж буй
ургамлын төрөл зүйл нь баялаг, малд тэжээл болохуйц тэжээллэг ургамалтай
бэлчээр нутагтай гэсэн үг юм.
Энэ мэтчилэн бэлчээр нутгийн онцлог, бэлчээрийн мониторинг
судалгааг хийх нь мал аж ахуйн салбарт маш чухал юм. Дээрх судалгааг бид
аймгийн нийт нутаг дэвсгэр, бэлчээр нутгийг хамруулан төсөл хөтөлбөр,
мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран сүүлийн таван жилд эрчимтэй хийсэн
гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.